АНУ-д нүүдэл, суудал хийнэ гэж бас л амаргүй зүйл дээ…

Standard

Өмнөх пост-оороо АНУ-д ажил хайх талаар бяцхаан зөвөлгөө бичиж оруулсан бол энэ удаагийн пост-оор нүүдэл, суудал хийх, байр, машин хайхад юу юу хэрэгтэй болдог, ямар асуудлуудтай тулгардаг, мөн түр зуур байрлах газар хаанаас олвол зүгээр байдаг, машин хөлслөх, нийтийн унаа…гэх мэт зүйлсийн талаар туршлагаасаа хуваалцая гэж бодлоо. Хэзээ нэг өдөр Монгол ахан дүүсийн маань нэг нь энэ постыг уншиж, мэдээлэл аваад нүүдэл, суудал хийхдээ нийтлэг гаргадаг алдаануудаас зайлсхийж чадвал миний зорилго бүтлээ гэсэн үг. :)

Relocation – гэж юу вэ? 

Ажил хайх явцад ажил хайгч маань 2 сонголттой тулгардаг. Одоо байгаа газраа ажил хайх уу, эсвэл ажил нь өөр муж\хотод байвал тийшээ нүүх үү? Байгаа газраа ажил хайх нь олон давуу талтай байдаг. Жишээлбэл: Ажил хайгч нь аль хэдийн тухайн муж\хотынхоо орчинд дасчихсан, хууль, дүрмийг нь мэддэг, аль хэдийн орон, гэртэй, унах унаатай болчихсон, суурьшчихсан байдаг. Харин нөгөө талаас, өнөөх хүссэн дулаахан, нарлаг, далайн эрэг дээрх Калифорниа муж, эсвэл улсын нийслэл болсон Вашингтон ДиСи эсвэл хөл, хөдөлгөөн багатай, гэмт хэрэг бараг гардаггүй амар тайван Дакота мужид очиж ажиллаж, амьдрахыг хүсвэл өнөөх: relocate хийх шаардлагатай болж байгаа юм. Ажил олгогчид ч утсаар ярихдаа: “Та ажил байгаа газарлуу нүүж чадах уу?” гэж асуух нь бараг заншил болсон зүйл.

Гэхдээ энэ нүүдэл\суудлын цаана асар их хүч, хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө төгрөг шаардагддаг гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Дөнгөж сургуулиа төгсөөд ажил хайж байгаа оюутанд ч энэ нь хүндээр тусах нь элбэг байдаг. Энгийн жишээнээс аваад хэлхэд:

– Эд, хогшилоо зарах эсвэл очих газарлуугаа ачуулах (гэхдээ хааш нь ачуулах вэ?)
– Машин байгаа бол машинаа зарах уу, унаад явах уу эсвэл бас ачуулах уу?
– Эд зүйлсээ баглах
– Ажил эхлэхээс өмнө хэр их\бага хугацаа байгаа вэ? Энэ нь хангалттай юу?
– Онгоцны билет?
– Очоод хаана байрлах?
– Очоод яаж ийшээ, тийшээ явах вэ?
– Байр хаанаас, яаж хайх вэ?
– Машин хаанаас, яаж хайх вэ?
– Тухайн мужын хууль, дүрэм, татвар, амьдрах орчин, аюулгүй байдал…гэх мэт
– Дэлгүүр хоршоо, сургууль, цэцэрлэг, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар… гэх мэт
– За тэгээд энэ бүхнээс бүгдийг нь бодолцоод нүүдэл\суудлаа төлөвлөхөд хангалттай  хугацаа, санхүүгийн боломж байна уу? гэдэг бас их том асуудал гарч ирэх юм.

Цаг хугацаа, Санхүүгийн төлөвлөлт 

Ажлын ярилцлагын үеэр ярилцлага өгч байгаа компаниасаа заавал: Relocation assistance бую нүүж, суухад санхүүгийн болон зөвөлгөөний туслалцаа үзүүлдэг үү гэж заавал асуух хэрэгтэй. Ер нь үнэхээр хүссэн компань чинь байгаад, ийм туслалцаа үзүүлдэггүй, гэвч таньд өөрт чинь хангалттай хуримтлуулсан мөнгө байгаад өөрийнхөө зардлыг даагаад явъя гэсэн тохиолдол биш л бол аль болох энэ туслалцааг авсан нь маш их хэрэг болно. Мөн, ажил эхлэх өдрөөсөө дор хаяж 7-14 хоногийн зайтай хугацаа товолбол хэрэгтэй. Зарим тохиолдолд ажлаас тань бүх зардлыг чинь даагаад, байр сууц, унаа, нислэгийг чинь бэлдээд өгье – 2 хоногийн дараа ирж ажиллаач гэвэл яахав бодож болох байх. Харин, компаниас зүгээр л мөнгөн туслалцаа үзүүлнэ – өөрөө бусад бүх юмаа зохицуулна гэвэл 7-14 хоног хэрэг болох байх шүү. За өөрөө бүх мөнгө, төгрөгөө хүртэл зохицуулна гэвэл яг энэ постыг уншсан өдрөөсөө эхлээд мөнгөө хуримтлуулж эхэлсэн нь дээр гэж зөвлөе. :)

Ер нь нүүхэд, гарж болох зардлуудад дараах зүйлс орж болно:

– Ачаа, тавилга, эд хогшил, машин тэрэг гэх мэт зүйлсээ очих газарлуугаа ачуулах.
– Онгоцны зардал (Ханаас хаашаа нисэхээсээ шалтгаалаад доод тал нь $100+)
– Очоод таньдаг, унаатай хүн байхгүй бол машин хөлслөх. (Өдрийн дор хаяж $6 – $30)
– Очоод түр байх газар (Зочид буудал: $40+\хоногт. Өрөө хөлслөх бол: $30+\хоногт)
– Байрны төлбөр (Кредит түүхээс тань хамаараад эхний сарын төлбөр + барьцаа + сүүлийн сарын төлбөр + цэвэрлэгээний мөнгө + өргөдлийн төлбөр. Жишээ нь: 2 өрөө байр сарын $1400.00 гэж үзвэл, кредит түүхгүй эсвэл кредит тааруухан хүнд, $1400 (эхний сар) + $600 (урьдчилгаа – энэ янз янз байж болно) + $1400 (сүүлийн сар) + $200 (цэвэрлэгээний мөнгө, энэ бас хэд ч байж болно) + $40 (өргөдлийн төлбөр) = $3640.00 шууд эхний ээлжинд хэрэгтэй болно гэсэн үг.
– Машины төлбөр (шууд авах, лизингээр авах, зээлээр авах гээд төрлөөсөө хамаараад урсгал зардал хэд ч гарж болно. Гэхдээ кредит түүхээс бас их хамаарна. Кредит түүхгүй, эсвэл түүх тааруухан хүн бол машин лизингээр эсвэл зээлээр авхад урьдчилгаа гэж заавал төлдөг. Урьдчилгаа нь $1000+ болон үүнээс дээш байх магадлал их өндөр. Тэгээд мэдээж татвар, машин бүртгэлийн хураамж, гэрчилгээний хураамж, даатгал…гэх мэт нэмэлт зардлууд нэмэгдсээр нэг л мэдхэд банкныхаа дансыг шалгах цаг ирэх болдог.)
– Хоол хүнс (Мэдээж хүн юм хойно идэж, ууж л таараа. Өөрөө хоол хийж иднэ гэдэг бол нүүж, сууж явхад бас амаргүй зүйл болхоор аль болох хямд зардлаар гадуур хоол идчихвэл амар. Хувь хүнээс шалтгаалаад өдөрт $5-$60 н хооронд хоол хүнсэнд зарцуулагддаг. Энд нэг залруулга хийхэд: Манай Монголын нийгэмд өнөөдөр сардаа 10,000 төгрөг\эсвэл энэ хэмжээний хөлсөөр гэр бүлээ болгоод явдаг айлууд байдаг. Гэтэл би энд өдрийн $5-$60 гээд бичээд суух нь зөв үү гэсэн бодол зурс хийгээд орж ирсэн юм. Гэхдээ, би энэ постыг Монголын нийгэмтэй ямар нэг байдлаар харьцуулсан биш, мөн ямар нэг байдлаар гайхуулах, эсвэл Монголын маань нийгэмд байгаа тэдгээр хүмүүсийг үл хайхран бичээгүй, зүгээр л АНУ-ын нийгэмд байгаа байдлын талаар бичиж байгаа юм шүү. Мэдээж бид бүхэн хүний нутагт, ажиллаж амьдраад алс нь эх орондоо буцаж очоод, улс орон, нийгэм, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийж ирээдүй, хойч үеийнхээ хүүхдүүдийг хүний нутаг руу явах юмсан гэсэн бодолгүй болгох, өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байх тийм орчныг бүрдүүлэх ёстой болов уу.)

Ингээд энэ бүхнийг нэмээд бодоод үзхээр ер нь эхний ээлжинд бараг л $3000-$5000 орчим зардал гарчихсан байхыг үгүйсгэхгүй. Мэдээж энэ тоо тухайн хүнээс шалтгаалаад яаж ч өөрчлөгдөж болно. Энэ тоог яаж аь болох багасгах вэ?

1) Мэдээж ажил олгогчоосоо relocation assistance ав.
2) Очиж буй газраа таньдаг, мэддэг хамаатан, садан, найз нөхөд байна уу сурагла. .Мэдээж бас л нэг амьдрах гэж тэмцэж байгаа айлд очиж байгаа эсвэл туслалцаа хүсч байгаа тохиолдолд бас бодолтой хандаж, хэт их “даврахгүй” байвал зүгээр болов уу. Ядахдаа байрных нь төлбөрөөс чадлаараа төлөлц, хоол хүнсэнд нь нэмэрлэлц, аль болох богино хугацаанд өөрийнхөө амьдралыг аваад явчих, хараат бус байдалд хүрхийг хичээ.
3) Кредит оноогоо ихэсгэ* (энэ тал дээр доор товчхон бичиж оруулна)
4) Мэдээ, мэдээлэл сайтай бай (байр хайж вэбсайтууд, хямд нислэгийн билет авах сайтууд, машин авах газар..г.м)
5) Батлан даагч олж авах (Ер нь энэ бол хамаатан, садны л хийдэг ажил байх гэж хувьдаа боддог. Ямар ч сайн найз нөхөд, танилууд байсан хүнийг өөрийнхөө нэр, кредит түүх дээр батлан даана гэдэг бол маш том, үнэхээр том эрсдэл хүлээнэ гэсэн үг юм. Өнөөх хүн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд батлан даагч шууд 100% хариулцга хүлээдэг бөгөөд кредит оноо нь бараг гэрлийн хурдаар уруудаж болох магадлалтай том зүйл юм. Тэгэхээр үнэхээр ойрын хамаатан садан бол асууж болох байх, тэрнээс өөр хүн бол асуугаад ч хэрэггүй, өөрөө ч хүнд бас батлан даагчаар туслаад хэрэггүй болов уу гэж зөвлөх байна)

Кредит Оноо\Кредит Түүх гэж юу вэ? 

За энэ бол нэлээн өргөн сэдэв байх. Тийм ч учраас энэний төлөө бүхэл бүтэн санхүүгийн байгууллагууд ажилладаг. Гэхдээ товчхондоо тайлбарлахад, энэ бол хувь хүний зээл авах, зээлээ эргэн төлөх чадварыг харуулсан түүх юм. Энэхүү түүх нь оноогоор хэмжигддэг бөгөөд өнөөх зээлийн түүх нь энэ оноог ихэсгэх үү багасгах уу гэдгийг нь шийдэж өгдөг юм. Зээл аваад цагтаа төлөөд явхад аяандаа энэ оноо нь ихсэж, дараа нь зээл авах, байр авах, машин авах, утас авах…гэх мэт зүйлсүүдэд ямар нэг урьдчилгаа эсвэл барьцаа төлөхгүй эсвэл батлан даагч шаардлагагүй болох юм. Кредит түүхийг бүтээх аргууд: Банкнаас кредит карт авч, түүгээрээ гүйлгээ хийж, зээлээ цагт нь төлөх. Эсвэл урьдчилгаа\барьцаа төлж байр хөлслөх, машин авах, утас авах…тэгээд цагт нь төлбөрөө төлөх гэсэн аргууд орж болно. Кредит оноогоо унагаах аргууд: цагт нь төлбөрөө төлөхгүй байх, дампуурал зарлах, зугатах\”голрох”, эсвэл кредит түүхээ нэг жилийн дотор олон газруудад шалгуулах. Кредит түүхээ нэг жилийн дотор 1-2 удаа л шалгуулж байвал зүгээр гэж зөвөлдөг. Гэхдээ энэ “шалгалт” нь 2 янзынх байдаг. Хатуу болон зөөлөн гэж. Хатуу шалгалт гэдэг нь тухайн байгууллага  таны бүхий л кредит түүхийг (хаана амьдарч байсан, ямар ямар зээл авч байсан, төлбөрөө төлж байсан уу…гэх мэт бүх мэдээлэл) шалгадаг учраас таны кредит оноонд заавал нөлөөлдөг. Оноо багасдаг гэсэн үг. Тиймээс энэ хатуу шалгалтыг 1-2 удаа л хийлгэж байвал зүгээр. Үүнээс олон болоод ирвэл, кредит байгууллагууд таныг зээл авах гээд оноо нь хүрэхгүй энд, тэндгүй яваад байна гэж ойлгоод таны кредит оноог бүр багасгах тохиолдолд байдаг байна. Харин нөгөө хувилбар нь буюу “зөөлөн” шалгалт нь, та эсвэл гадны ямар ч байгууллага (таны зөвшөөрөлтэйгээр) таны зөвхөн кредит оноог шалгах тохиолдолд юм. Зүгээр оноо шалгахад таны кредит оноонд ямар ч нөлөөгүй. http://www.creditkarma.com гэсэн сайтнаас орж, өөрийнхөө кредит\түүхийг үнэгүй шалгаж болно. За тэгээд кредит оноо:

КО < 580 бол маш муу
580 < КО < 620 бол тааруухан
620 < КО < 680 бол яахавдээ\дажгүй
680 < КО < 720 бол сайн
720 < КО бол онц

КО – Кредит Оноо

Энэ талаар өшөө дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл онлайнаар хайгаад үзээрэй.

Байр Хайх 

За энэ бол мэдээж хүн хүнээс шалтгаалаад янз янз байж болох байх. Ганц бие хүмүүс эхний ээлжинд нэг өрөө хөлслөөд амьдрахад болохгүй зүйл гэж үгүй. Зардал ч бага. Байрлал сайтай, тохилог\тухтай газар 1 өрөө хөлслөөд суучихад цалинтай золгож, хуримтлал үүсгэтлээ бол болоод л явчихна. Харин хүмүүстэй хамт амьдрах, өөрөө байр хайж байгаа эсвэл гэр бүлтэй хүмүүс бол хаана, ямар байрлалтай, ямар үнэтэй байр хайх вэ гээд толгой өвтгөсөн асуудлууд их гарч ирдэг. Жишээлбэл:

Өрөөний тоо | Үнэ | Байрлал | Ойрхон дэлгүүр, хоршоо | Нийтийн унаатай ойр эсэх | Шинэлэг\хуучиндуу байр | Ажил руу хэр ойрхон\хол | Ойрхон сургууль, цэцэрлэг | Ойрхон парк, цэцэрлэг… | Аюулгүй байдал | Basement үү эсвэл дээгүүр давхарт уу | Цахилгаан, Дулаан, Ус, Хогны төлбөр | Гэрээ хийх хугацаа (сар сараар, хагас жилээр, 1 жилээр…) | Модон шал, хивстэй эсэх | гэх мэт зөндөө зүйлс гарч ирдэг. Энэ болгон хайж байгаа байрны чинь үнийг өөрчилдөг.

Миний зүгээс зөвлөхөд: Ажилруугаа ирж, очих хугацаа болон зайгаа хамгийн түрүүнд тооцоол гэж хэлэх байна. Учир нь тэр ажил л таныг тэр газарт байлгах гол хүчин зүйл болж байгаа. Rush Hour буюу яг ажил эхлэх эсвэл ажил тарах цагаар машинаар явхад түгжрэлд ороод хэр их саатахнуу, ажлын ойролцоо машинаа зогсоох зогсоол байна уу, үнэтэй\үнэгүй байна уу, ажил руугаа хэрэгтэй үед нийтийн унаагаар ирж очиход хэр хугацаа шаардагдах, ойрхон нийтийн тээврийн буудал байна уу гэдгийг заавал бодолцож үзээрэй. За тэгээд мэдээж үүнтэй энэ зэрэгцэх, эсвэл яг дараагийн хамгийн чухал зүйл бол гэр бүл, хувь хүнийхээ хүсэл, сонирхлын дагуу байраа хайх: хотын дуу чимээтэй газар байх уу, хотоос гадагш байх уу, apartment буюу байр хөлслөх үү эсвэл хаус хөлслөх үү (эсвэл бүр худалдаж авах уу), ойрхон сайн, чанартай цэцэрлэг\сургууль юу байна (хүүхдүүдтэй бол), ойрхон чөлөөт цагаа өнгөрөөчихөөр газар юу байна (парк, цэцэрлэг, номын сан, кофе шоп, fitness, bowling, golf, bar, club…г.м), ойрхон дэлгүүр хоршоо, аюулгүй байдал…г.м.

Ихэнх газрууд 1 жилийн лизинг гэрээ хийдэг. Түүнээс цааш лизингийн гэрээ нь сар, сараар болж хувирдаг бөгөөд хүссэн үедээ лизинг гэрээнээсээ гарч, өөр тийшээ нүүж болдог. Гэхдээ мэдээж, гархаас өмнө сарын өмнө эсвэл дор хаяж 2 долоо хоногийн өмнө landlord буюу байрны менежэртээ мэдэгдэх шаардлагатай байдаг. 1 жилээр лизинг хийхийн ашигтай тал нь тухайн жил дотор байрны сарын төлбөр нь нэмэгдэхгүй гэсэн үг. Дутагдалтай тал нь лизингийн гэрээ дуустал гэрээнээс гархыг хориглодог бөгөөд гэрээгээ эвдэж гарсан тохиолдолд барьцаагаа эргүүлж авахгүй эсвэл 1 сары төлбөрөөр торгуулдаг. Мөн дараагийн байр авах газраас тань таны өмнөх байр хөлсөлж байсан түүхийг шалгахад: “Лизингийн гэрээгээ эвдсэн” гээд гараад ирвэл тийм ч их сайн үр дагавар авчрахгүй л болов уу. 1 жилээс багаар лизингийн гэрээ хийдэг газрууд бас олон байдаг. Тэгэхээр гэрээ хийхдээ тухайн амалсан хугацаандаа хөдөлгөөнгүй байж чадах эсэхээ сайн бодоорой.

Байрны гэрээ хийчихээд roommate буюу хажуу өрөөндөө суух хүн авч зардлаасаа хэмнэж болдог. Мөн, байр лизингээр авчихаад дамнаж хөлсөлж болох тохиолдол байдаг (sub-lease гэж нэрлэдэг). Гэхдээ sub-lease -г зөвшөөрдөггүй газрууд их байдаг учир лизингийн гэрээгээ сайн унших хэрэгтэй. Зарим тохиолдолд хүмүүс мэдэгдэхгүйгээр дамнаж байраа хөлслөх тохиолдолд гардаг ч энэ нь мэдээж тодорхой хэмжээний эрсдлийг дагуулж байгаа гэсэн үг юм. Sub-lease хийхийн нэг ашигтай тал нь хямдхан байр олчихоод, арай үнийг нь өсгөж хөлслүүлэх. Нөгөө талаас, 1 жилийн гэрээ хийчихээд өөр тийшээ нүүх хэрэгтэй болбол лизингийн гэрээгээ эвдэхгүйгээр өөр хүн суулгах явдал байдаг.

Ихэнх байрны агентлагууд чек эсвэл money order -оор төлбөр, барьцаагаа авдаг учраас эртнээс банкнаасаа чекээ захиалаад бэлдчихэд зүгээр. Гэхдээ ойрын хэдэн жилд бүх газрууд онлайнаар эсвэл шууд картаар төлбөр, тооцоогоо хийдэг болчих биздээ.

Байр хайхад маш хэрэгтэй 2 линк:
http://www.zillow.com
http://www.hotpads.com

Энэ 2 сайтаар ороод, хүссэн өрөөний тоо, хайж байгаа үнийн баримжаагаа оруулаад газрн зураг дээрээс харж байгаад хайж болдог. Өөрөөр хайна гэвэл, мэдээк Google дээд тухайн муж\хотын жижиг хэмжээний сайтуудаас хайж болно байх.

Байранд хүсэлт гаргахад шаардагддаг зүйлсийн тоонд:
1) Бичиг баримт (ID\Жолооны үнэмлэх\Пасспорт…гэх мэт)
2) Өмнө нь байр хөлсөлж байсан газрын нэр, утасны дугаар (оюутан бол тэрийгээ хэлэх хэрэгтэй)
3) Сүүлийн 2-3 удаагийн цалингийн баримт (дөнгөж ажил олж байгаа оюутан бол ажлын газраас авсан offer letter буюу ажлын байрны урилга захиагаа үзүүлж болдог. Энэ дээр гол нь нэр, цалин, ажлын газрын нэр, хаяг, утас байх хэрэгтэй)
4) Social Security Number (SSN#) Үүгээр өнөөх кредит түүх\оноог тань шалгах болно
5) Чек\Бэлэн Мөнгө\Money Order (Байрны өргөдөл бөглөхөд зарим газрууд бэлэн мөнгө авдаг. Гэхдээ ихэвчлэн чек байвал зүгээр байдаг. Money Order авахын тулд money order олгодог газар очиж худалдаж авах хэрэг гардаг учраас жаахан амаргүй зүйл. Money order авч болдог газрууд: 7-Eleven, Fred Meyers, зарим банкнууд, Western Union, USPS, Walmart…гээд зөндөө байгаа байх)

Машин хайх

За машин хайна гэдэг байр хайхыг бодвол арай гайгүй зүйл байх. Авахыг хүсдэг машин байвал тэрийгээ хайна, тодорхой мөнгөн дүн дотор машин хайж байгаа бол онлайнаар хайчихад болно. Хэрэгтэй линкүүд:

http://www.autotrader.com
http://www.craigslist.com

Энэ 2 сайтаас машин хайхад ер нь алзахгүй болов уу. Ихэнх хувь хүмүүс, дилерүүд энэ 2 сайтууд дээр зарж байгаа машинуудаа тавьчихсан байдаг. Өөрсдийнхөө вэбсайтууд дээр ч гэсэн машинуудаа тавьдаг ч энэ 2 сайтуудаар хүмүүс их зочилдог учир давхар маркетинг явуулах гарцууд болж өгдөг. Энэ сайтуудаар ороод, байрлалаа, хүссэн машины загвар, марк эсвэл үнээ оруулаад хайгаад байж дээ.

Хувь хүнээс машин худалдаж авхад шууд бэлэн мөнгө төлж авна. Холбоо бариад, уулзаад, машиныг нь сайн шалгаж үзээд, бүр болбол нэг машин засварын газар аваачаад үзлэгт оруулчих хэрэгтэи шүү.

Дилерээс машин авах бол мэдээж хувь хүнээс авсанаас илүү төлбөр төлдөг. (Дилерийн ашгийн мөнгө, татвар, бүртгүүлэх хураамж…г.м). Гэхдээ лизингээр эсвэл зээлээр машин авах боломж гардаг тул шууд төлчих мөнгө байхгүй тохиолдолд дилер нь зөв сонголт болж өгдөг. Дилерээс машин авхад анхаарах зүйлс:

– Машин нь үзлэгт орсон эсэхийг лавлах.
– “As-is” гэж зарагдаж байгаа машинуудыг сайн шалгаж авах хэрэгтэй. Учир нь дилерүүд ийм машинууд дээр ямар ч үзлэг хийгээгүй (99% тохиолдолд) бөгөөд ямар нэг гэмтэл, эвдрэл гарвал дилер хариуцахгүй гэсэн үг байдаг. Өөрөө шалга, мэддэг найзаараа шалгуул, бүр засварын газарлуу авч явж бага хэмжээний төлбөр төлөөд мэргэжлийн үзлэгт оруулчих хэрэгтэй. (Дараа нь харамсахгүй тулд шүү дээ)
– Жолооны үнэмлэхээ бэлэн байлгах
– Мөн SSN# ээр тань кредит түүхийг чинь шалгаж, хэдэн хувийн хүүтэй зээл олгох, бас хэр их хэмжээний урьдчилгаа төлхийг чинь хэлж өгдөг. Тэгэхээр супер кредит оноогүй бол тодорхой хэмжээний урьдчилгаа төлөх бэлтгэлтэй явах хэрэгтэй.
– Тооны машин гаргаад яг цент хүртэл нь бодоод шалгачихад илүүдэхгүй. Эцэст нь хэлхэд дилерүүд аль болох их мөнгө хийх гэж тань дээр ажиллана. Salesman буюу борлуулагчид таньд зөвхөн таны төлөө ажиллаж байгаа юм шиг санагдах боловч үнэндээ хэр их мөнгөөр таньд машинаа “шахна” төдий чинээгээр түүний урамшуулал нь ихсэх учир бас “ухаантай” тоглож, үнэ хаялцаж үзэх хэрэгтэй.
– За тэгээд мэдээж дор хаяж 2 цаг түүнээс дээш бай магадгүй гэсэн бэлтгэлтэй очих хэрэгтэй. 4 өөс очоод машин аваад 4:30 гээд шинэхэн машинаа унаад явна гэвэл бүтэхгүй хэрэг болох байх шүү. :)

За тэгээд шинэ машин авах аянд тань амжилт хүсье!

Түр Байх Газар… \Hotel, Motel, Hostel, Private Room, Room Share, Couch Surfing\

Хамгийн түрүүнд “зочид буудал” гэсэн бодол толгойд чинь орж ирж байвал, дахиад нэг бодоод үзээрэй гэж хэлэх байна. Зочид буудлууд хэдий хувийн, тав, тухтай байдлыг олгодог ч үнэтэй, ихэвчлэн хотын гадуур байрласан байдаг. Хотын төврүүгээ гэхээр үнэ нь ихсээд явчихдаг. Харин сүүлийн үед маш их эрэлт, хэрэгцээтэй болж байгаа: “өрөө хөлслөх”, “буйдан хөлслөх”, “өрөө хамтарч хөлслөх” гэсэн зүйлсийг нетээр нэг хайгаад үзчихэд илүүдэхгүй болов уу. Үнийн хувьд маш боломжийн. Айлууд өөрсдийнхөө өрөөг аялаж байгаа хүмүүст эсвэл түр хугацаанд өрөө хэрэгтэй хүмүүст хөлслүүлдэг гэх үү дээ. Том өрөө, угаалгын өрөө, гал тогоо…г.м өрөөнүүдийг хэрэглэж болдгоороо давуу талтай. Яг л тухайн айлын зочин шиг хэд хоночихоод яваад өгдөг, богинохон хэмжээний адал явдал. Сайтын линк: http://www.airbnb.com. /$25-н хөнгөлөлт авъя гэвэл: http://www.airbnb.com/c/asanaa?s=8/ Энэ маш алдартай сайт байгаа. Өөрийн гэсэн профайл үүсгэж нээх хэрэгтэй бөгөөд, ID verification хийх хэрэгтэй. Тэгж байж, нөгөө айлын хүмүүс чинь таныг жинхэнэ хүн, бас аюулгүй хүн гэж харах болно. Нэг айлын өрөөг хөлсөлж гарчихаад, тухайн айлд байсан талаараа сэтгэгдлээ сайт дээр үлдээж байх хэрэгтэй. Нөгөө айл чинь ч гэсэн таны  талаар сэтгэгдлээ хуваалцах бөгөөд эерэг сэтгэгдлүүд олон байвал, дараа дараагийн айлууд таньд өрөөгөө, бүр бүхэл бүтэн гэрээ хөлслүүлэхдээ таатай байх болно гэсэн үг. Олуулаа түр байх газар хайж байгаа тохиолдолд энэ сайтнаас хаус эсвэл байр тэр чигээр нь ч хөлсөлж болдог. Тэгсэнээр зардлыг бол зүгээр л хэмнэнэ гэсэн үг шүү дээ.

За тэгээд дараагийн хямд зардлаар байж болох газрууд бол: hostel ууд буюу манайхаар бол дотуур-байр шиг өрөөнүүд юм. Аялагчид голдуу ийм газруудад байдаг. Нэг том өрөөнд 2-16 хүртэлж орнууд тавьчихсан байдаг. Хоногийн $20-оос эхлээд үнэ нь ихэсдэг. Өглөөний цай үнэгүй байх тохиолдол их байдаг бөгөөд зарим газрууд оройн хоол ч үнэгүй өгдөг. Сайт: http://www.hostels.com

Дараагийн бүлэгт: motel\hotel ууд орно. Өндөр зэрэглэлийн зочид буудал, маш хямд үнээр олох боломжуудтай сайтууд бас байдаг. Жишээлбэл: http://www.hotwire.com . Хайж байгаа газраа оруулхаар, $70-$80д 4 одтой зочид буудлууд олддог. Гэхдээ яг ямар зочид буудалд орхыг нь төлбөр хийтлээ мэдэж болдоггүй. Энэ сайтны өнөөх зочид буудлуудтай хийсэн гэрээний нэг хэлбэр байх л даа. Мэдээж хүсвэл зүгээр бага үнэтэй $30-$40-н зочид буудалд орсон ч болно шүү дээ.

Машин Хөлслөх, Нийтийн Тээвэр…

АНУ-д жолооны үнэмлэхтэй бол машин хөлслөхөд нэг их асуудал гарахгүй. 25-с дээш настай бол бас илүү хураамж төлөөд байхгүй амар. 25-с доош настай бол, машин хөлслөх “насанд хүрээгүй” гэж үзээд өдөр болгоны нэмэлт хураамж авдаг. Машин хөлслөхөд их амар байдаг: Онлайнаар захиалгаа өглөө, онгоцны буудал дээрээс эсвэл машин хөлслөх газраасаа очиж ID аа үзүүлж бүртгүүллээ, машинаа авлаа, явлаа.Зарим газрууд тэр эгнээний тэр машиныг ав гэж зааж өгдөг бол, зарим газар хүссэн машинаа аваад уна гэж хэлдэг. Сонсход жаахан итгэмээргүй юм шиг боловч, үнэхээр л өөрөө харж, шилж байгаад таалагдсан машинаа шууд унаад явхад бэлэн байдаг. :)

Бүртгүүлэх явцад асуугддаг зүйлс:

– Даатгал авах уу?
– GPS авах уу?
– Машинаа буцаахдаа өөрөө бензинээ хийх үү, тухайн байгууллагаар бензин хийлгүүлэх үү?

Гэмт хэрэг ихтэй газар, эсвэл машин өмнө нь хөлсөлж байгаагүй, эсвэл нэг их сайн барьж байгаагүй бол (АНУ-д) даатгал авчихсан нь зүгээр байдаг. АНУ-н замын системийг сайн мэддэг болчихсон байвал даатгалд нэмж мөнгө үрэх шаардлага байхгүй. Бензиний хувьд – машин хөлслүүлдэг газар таньд 1 галлон бензинийг хэдээр бодож дүүргэхээ хэлдэг. Та тэрнээс хямд үнээр бензин олоод дүүргээд буцааж өгч чадна гэж бодвол өөрөө дүүргэнээ гэж хэлээд явсан нь дээр. GPS бол хувийн асуудал биз ээ.

Машин хөлслөхөд бас: http://www.hotwire.com гайгүй үнийн санал өгдөг. Миний мэдэхийн Hertz бас их дажгүй, хямд үнэтэй санагддаг.

Эцэст нь хэлхэд: Машинаа хөлслөхдөө mileage нь хязгааргүй /unlimited/ байна уу үгүй юу гэдгийг шалгахаа мартав аа. Unlimited байвал илүү дээр. Хүссэн зайгаа нэмэлт төлбөр төлнө гэж санаа зоволтгүйгээр туулж болно гэсэн үг. Зарим газрууд өдрийн 100 mile ч гэдэг юм уу хязгаартай байдаг.

За тэгээд машин хөлсөлж байгаа бол аюулгүй жолоодоод, гэмтэл\бэртэл учруулалгүй, амалсан цагтаа авчраад өгхөд бүх юм ОК шүү дээ. (Амалсан хугацаанаасаа эрт авчирч өгвөл төлөх төлбөр тань мэдээж багасна)

Хоол унд идэж уух – Хаана? 

Байгаа хотдоо хаана очиж хоол идэх вэ, ойрхон хаана юу байаа бол? гэж бодох тохиолдол их гардаг. Интернэттэй гар утас эсвэл лаптоп байвал http://www.YELP.com руу ороод энэ бүхнээ хайчихад амар байдаг. Гар утсан дээрээ бол YELP гээд апп суулгаад аваарай. Таны байгаа газартай хамгийн ойрхон дэлгүүр, хоршоо, ресторан, түргэн хоолны газар юу байна, хүмүүс тэр газруудын талаар юу гэж бичсэн байна, үнэ төлбөр, меню, хаяг аддресс нь юу байна энэ бүх мэдээлэл бүгд байгаа.

Байзаарай…Хямд нислэгийн билет хаанаас авах вэ? 

Хямд нислэгийн билет олж болох сайтууд:

http://www.hotwire.com
http://www.allegiantair.com
http://www.priceline.com
http://www.cheapoair.com
http://www.southwest.com

Мөн орон нутийн жижиг агаарын нислэгүүдийн сайтууд байдаг. Сайн хайж судлаад үзвэл дээрх сайтуудаас ч хямдаар билет олдох тохиолдолд байдаг шүү.

Ер нь яваандаа бол Delta эсвэл United гэх мэт агаарын нислэгийн компаниудын сайт дээр данс нээгээд нислэг хийх болгондоо нислэгийнхээ зайг бүртгүүлээд яваад байвал зүгээр. Mileage чинь нэмэгдсээр, нэг мэдхэд хүссэн газарлуугаа үнэгүй онгоцны билет авч болох өдөр ирнэ. :)

За ингээд энэ удаагийнгаа постыг өндөрлөе! Блог пост бичнэ гэдэг бас ч гэж тодорхой хэмжээний цаг шаарддаг ажил шиг байна шүү. Миний байнга хэлдэг нэг зүйл бол: Ямар нэг үг, үсэг, өгүүлбэр, утга зүйл алдаа гаргасан бол хүлцэл өчье. /Үүнээс хойш энийг товчлоод: ЯНҮҮӨҮЗАГБХӨ гэчихэж байя хэхэ/

Нүүдэл\суудал, шинэ ажил, шинэ амьдралд тань амжилт хүсье! Мэддэг мэдээллээсээ хуваалцах эсвэл бодол саналаа хуваалцая  гэвэл доор комментоор чөлөөтэй бичээрэй. Таны мэдэх хэн нэгэнд энэхүү бяцхан блог пост маань хэрэгтэй байж магадгүй гэвэл SHARE хийхээ мартваа.

Advertisements

2 thoughts on “АНУ-д нүүдэл, суудал хийнэ гэж бас л амаргүй зүйл дээ…

  1. Pingback: АНУ-д нүүдэл, суудал хийнэ гэж бас л амаргү й зүйл дээ… | Amarbayar. A | Гэгээн Монгол

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s