Даралтаа нэг үзчихье – Технологийн компань ер нь яг юунд хэрэгтэй, яагаад өндрөөр үнэлэгддэг юм вэ?

Standard

Даралтаа нэг үзчихье

Юун даралт билээ? Гэнэт даралтаа үзэх гээд анагаах ухааны талаар блог пост бичих болчихов уу?

“Pulse check” буюу Даралтаа Үзэх гэдэг хэллэг барууны орнуудад их хэрэглэгддэг. Гарал үүсэл нь анагаах ухаанаас байлтай ч, өнөөдөр энэ хэллэгийг хүмүүс хэт ихээр зэрэг, зэрэг өрнөж байгаа зүйлсээ түр зур зогсоогоод, эргэн харж, юу юу болоод өнгөрөв, юу юу нь амжилттай бүтэж, ямар ямар алдаа гаргав, цаашлаад яах хэрэгтэй вэ гэдгээ эргэцүүлэн бодох үедээ хэрэглэдэг болсон байна. Ямар нэг том, жижиг хэмжээний төсөл удирдаж байсан хүмүүс бол энийг бүр сайн мэдэх байх. Багийнхантайгаа тодорой хугацаануудад уулзаж, pulse check хийх нь төслөө цааш нь амжилттай залж явхад их тус болдог.

Өнөөдөр 6 сарын 11. АНУ-ын Вашингтон мужын Сиатл хотод Бямба гаригийн 13:41 болж байна. Зуны амралтаа аваад Монголруугаа очиход 3 долоо хоног л үлдээд байна. Явахаасаа өмнө амжуулах ажил их байгаа болохоор амралтын өдрүүдээр ч гэсэн ажиллаад сууж байна даа. Бас магистрын хичээлийн маань хамгийн сүүлчийн, хамгийн хүнд хичээл маань дуусахад 2 долоо хоног үлдээд бага ч болов цаг олдвол хичээлээ харах юм даа. Ямар сайндаа л, ажилруугаа автобусаар ирж, очиж 40, 40 минутанд хичээлээ үзээд явдаг болж байна. Цаг гэдэг асар их хэрэгтэй байдгийг, хийх зүйл 100 байхад өдрийн хэдхэн цагт олдож байгаа хугацаанд аль 10-г нь сонгох вэ гэдэг талаар ч суралцаад л явж байна.

Энэ блогтоо хамгийн сүүлд өнгөрсөн жилийн 9 сард оруулсан байж. Нийт 10,000+ гаруй хүмүүс ороод үзсэн гэдгийг WordPress-с олж мэдлээ. Миний хувьд бол энэ маш том урам. Хэн нэгэнд их бага гэлтгүй багахан ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгсөн байгаасай гэж их хүсдэг. Тиймээс ч цаашлаад сурсан, мэдсэн зүйлсээсээ хуваалцахыг байнга нэг зорилгоо болгосоор байх болно. Өмнөх блог постуудыг маань уншаад хүний нөөцийн бодлогын талаар, ажилд бэлтгэх ярилцлагын талаар, технологийн компаний талаар, АНУ-д амьдрах, сурах, ажиллах талаар болон визний асуудлын талаар гээд олон олон сэдвүүдээр хүмүүстэй инттернэтээр болон бодит амьдрал дээр хэлэлцүүлгүүд өрнүүлж, туршлагаасаа хуваалцах боломж олдсонд бас их баярлаж байгаа. Монголд маань IT Park дээр болсон бас нэгэн чуулган дээр хүртэл яригдаад өнгөрсөн нь багахан ч гэсэн амжилт болов уу гэж боддог. Тэгэхээр цагаа гарган, уншиж, авахыг нь авч, лавлаж асуух зүйлс дээр чөлөөтэй асууж, санал бодлоо хуваалцаж байдаг таньд талархсанаа илэрхийлье!

За ингээд даралтаа үзэж энэ удаагийн цуврал постуудаараа дараах 5 сэдвийг маш энгийн хэмжээнд, өөрийнхөө мэдсэн, сурсан туршлага дээр үндэслээд багахан хөндье гэж бодлоо.

  1.  Технологийн компань ер нь яг юунд хэрэгтэй, яагаад өндрөөр үнэлэгддэг юм вэ?
  2. Инженэр/Хөгжүүлэгчдийн үүрэг, хариуцлага мөн тэдний үнэлэмж яагаад өндөр байх ёстой вэ?
  3. Олон чадвар эзэмшсэн супер хүн байх нь илүү юу эсвэл нэг чадварыг маш сайн эзэмшсэн байх нь илүү юу?
  4. АНУ-н томоохон технологийн компанийн жилийн эцсийн үнэлгээ, тушаал дэвших процесс ямархуу байдаг вэ?
  5. Хэт сайн ажиллаж, сайн ажилчин байхын сөрөг тал.


1. Технологийн компань ер нь яг юунд хэрэгтэй, яагаад өндрөөр үнэлэгддэг юм вэ?

Энэ асуултанд энгийнээр хариулахын тулд нэг жишээ аваад, түүнийгээ цааш нь өргөжүүлээд, тодорхой нэг цэгт хүрээд, энэ процесстоо асуудлууд 1, 1 ээр нь гаргаж ирж, эцэст нь технологи хаана яаж холбогдож байгааг, өнөөдөр технологи ямар түвшинд хүрсэн байгааг энгийн амьдралын жишээгээр тайлбарлаж, цаашлаад манай орон тех компанийн үнлэмэж ямар байдаг, ямар боломж байгаа, үндэсний бүтээгдэхүүнтэй болоход гадны акулуудын анхаарлыг яаж татаж болдог талаарх бодит амьдрал дээрх жишээ, түүнд хүрэхийн тулд яах хэрэгтэй гэсэн дарааллаар хүргэе. За ингээд…

  • Хэдүүлээ өөрсдийгөө нэг жижиг дэлгүүрийн эзэн гэж бодъё.
  • Манай хөршүүд л орж үйлчлүүлдэг.
  • Өдөртөө үсрээд 10-20 хүн худалдан авалт хийдэг.
  • Олсон орлогоороо өр, түрээсүүдээ төлөөд, 1, 2 ажилчдынхаа цалинг төлөөд (за тэгээд хамаатнууд болхоор заримдаа цалингаа хойшлуулчихсан ч нэг их асуудалгүй), үлдсэн нь цэвэр ашиг болоод тэрүүгээрээ 2 идэхгүй хоосон хонохгүй болгоод явчихдаг.

Ийм дэлгүүрийн эзний хувьд бол санхүүгээ дэвтэр дээр бал, харандаагаар бичээд хөтлөөд явчихна. Бараа захиалгаа хэрэгтэй үед нь утсаар өгөөд, нэг таньдаг хүнээ явуулаад авхуулчихна. Үлдэгдэл бараагаа өөрсдөө хэрэглээд, эсвэл найз нөхөд, хамаатнууддаа тараагаад, эсвэл өөр зүйлсээр солиод ч юмуу болгочихно. Асуудал гарвал өөрөө биеэрээ очоод зохьцуулчихна. Зарим асуудал, үйлчлүүлэгчдийн санал, гомдлыг бол нэг их авч хэлэлцэхгүй, эсвэл зүгээр л: “За маяглаад бай” гэчихнэ. Ер нь бол амьдрал дажгүй шүү.

Дээрх жишээн дээр анализ хийж үзэхэд, иймэрхүү загвар/моделтой явагддаг дэлгүүрүүд жишээ нь манай оронд багагүй байдаг. Хот, хөдөө, орон нутаг гэлгтүй л байдаг. Гаднаас нь харахад эдгээр бизнес эрхлэгчдэд нэг их сүрхий техник, технологи гээд байх зүйлс хэрэггүй. Дотроос нь харахад технологийн шийдлүүдийн талаар мэдлэг, туршлагатай, түүнд зоригтой хөрөнгө оруулалт хийх хүмүүс нь харьцангүй бага байдаг ч байж магадгүй.

Гэтэл энэ дэлгүүр байдаг газар айлууд нэмэгдэж нүүж ирлээ гэж бодъё. Өдөрт үйлчлүүлдэг хүмүүсийн тоо нь 40-50 болчихов. Бараа хангалтгүй байгаад, олон төрлийн сонголт байхгүй байгаад үйлчлүүлэгчид бухимдаж эхлэв. Дэлгүүрийн эзэн маань дэвтэр дээрээ санхүүгээ бичсээр л, бараа захиалгаа утсаар хийсээр л, хүн явуулж машинаар бараагаа ачуулсаар л, хэрэглэгчдийн гомдлыг өөрийн биеэр очиж зохьцуулсаар л. Энэ бүхэнд цаг нь ч хүрэхээ больж эхэлж байгааг анзаарч байв… Энэ асуудалд оношилгоо хийгээд, гол шийдэх хэрэгтэй зүйл нь менежмэнтийн өөрчлөлт юм байна гэж бодъё. Хэрэглэгчид ихэссэн тул, гүйлгээ ихсэнэ. Гүйлгээ ихсэнэ гэдэг илүү боломж авчирч, орлого өндөрсөж, ажилчид нэмж авч, бараа захиалга хариуцсан хүн, үйлчлүүлэгчдийн санал/гомдлыг хариуцсан хүн, нягтлан бодогч, илүү нэг ачигч машинтай болоод бас дэлгүүрээ жаахан томруулаад авчээ. Энэ бол маргаангүй зөв алхам.

Гэтэл нэг өдөр хажууханд нь бас нэг дэлгүүр баригдаад эхэлжээ. Ашигтай зах зээл байгааг харсан бусад бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийн, маш богинохон хугацаан дотор бас нэг дэлгүүр босгосноор өрсөлдөөн гарч эхэллээ. Өрсөлдөөнд бэлтгэлгүй байсан өнөөх дэлгүүрийн эзэн маань янз янзаар л үзэж тарч эхэллээ. Ганцаараа хүчрэхгүй юм байна гэж үзээд маркетингийн талаар гайгүй мэдлэгтэй нэг найзыгаа авч ажилууллав. Реклам, зар сурталчилгаа, постер, урамшуулал, хямдрал гээд л үйлчлүүлэгчдээ авч үлдэхийн тулд өмнө нь гаргах хэрэг байдаггүй зардлуудыг гаргаж эхлэв. Оршин суугчид улам нэмэгдсэнээр дэлүүрүүд ч 1, 2 оороо нэмэгдэж эхэллээ. Орлого, зарлага, бараа захиалга, маркетинг, үйлчлүүлэгчдийн санал, гомдол, барааны үнийн судалгаа, урамшуулал, хямдрал, цалин… Дэлгүүрийн эзэн маань дэвтэр дээрээ энэ бүхнийг бичиж явсаар байх уу? Дэвтрийг нь хэн нэгэн авчихвал яах уу? (Ингээд бага, багаар технологи гэсэн сэдэв рүү хазайж байгааг анзаарч байгаа байх.) Гэхдээ энэ дэлүүрийн цаашдын амжилт нь маш олон зүйлсээс шалтгаалах учир хэт нэг талыг баримтлалгүй энэ хүргээд зогсооё. Амжилт олсон ч байж магадгүй, дампуурсан ч байж магадгүй байх. Энэ бол жижигхэн зах зээл дээр байж болох бодит жишээ. Гэтэл 10 сая хүнтэй улсад дэлгүүр нээвэл яах вэ? 100 сая хүнтэй улсад дэлгүүр нээвэл яах вэ? 300 сая хүнтэй зах зээл бол яах уу? Бүр цаашлаад дэлхий хэмжээнд бараагаа борлуулъя гэвэл яах уу? #Scalability

Хэдий дэлгүүрийн амжилт нь маш олон зүйлсээс шалтгаалах ч, эргээд үндсэн сэдэвтээ орон, технологи энэ тохиолдолд яаж тус болж чадах вэ гэдэг талаар бодъё.

  • Өдөр шөнөгүй тоо бодож байдаг дэлгүүрийн эздийн хувьд тооны машин бол, миний бодлоор, хамгийн эхний технологийн хөрөнгө оруулалт болдог. Хүний ажлыг амарчилж, цээжээр эсвэл цаасан дээр тоо бодоод сууж байх бага ч гэсэн цагаа өөр хэрэгтэй зүйлсд зарцуулах боломжыг олгож байгаа.
  • Дэвтэр дээр бүх зүйлсээ бичсэнээс нэг компьютер аваад, орлого/зарлага тайлангаа бичээд явбал бас нэг хэрэгтэй зүйл болно. Нэмэх, хасах, засварлах, хүнд дамжуулж өгөх, дэвтрээ хаяна гэж санаа зоволтгүй болж өдөр тутмун ажлыг бас нэг алхамаар хөнгөвчилчихөж байгаа юм.
  • Компьютер дээрээ ямар програм ашиглаж орлого, зарлагаа хөтлөх вэ? Энэ асуултанд хариулт өгөхөөр маш олон компаниуд энэ зах зээл дээр өрсөлдөн, янз янзын програм ууд гаргаж ирсэн байдаг. Зарим нь энгийн хүснэгт хэлбэрээр мэдээлэл хөтлөх програм байдаг бол бүр санхүүгийн тайланг нь гаргаад, НТГ-д хүргүүлчихдэг програмууд хүртэл байх жишээтэй. Дэлгүүрийн эзэн нь нэг ийм програм-д хөрөнгө оруулалт хийчихвэл, бүтэн цагийн ня-бо-н цалин төлөх хэрэггүй болж, автоматаар тайлангаа өгчихдөг эсвэл яг хэрэгтэй үедээ гэрээгээр хэн нэгнийг аваад ажиллуулчихдаг ч байж болхоор болж байна.
  • Бараа захиалгаа өдөр болгон үнэтэй цагаа зарцуулан байж, утасны төлбөр төлөн утсаар ярьж өгч байхаар сар болгон автоматаар эрэлт хэрэгцээ ихтэй бараагаа захиалчихдаг байвал яах вэ? Эрэлт хэрэгцээ ихтэй бараагаа сар болгоны эцсээр орлого, зарлагаа харж, харьцуулан гар аргаар бодож гаргаж байхаар автоматаар хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл тэр бүгдийг нь бодоод гаргаад өгчихдөг бол ямар вэ?
  • Цаашлаад, ганц үйлдвэрээс бараа таталтаа хийдэг байсан бол олон үйлдвэрлэгчдээс зэрэг зэрэг үнийн судалгаа хийгээд, хамгийн хямд, чанартай бараа таталыг олон газраас цаг алдалгүйгээр зэрэг зэрэг хийх арга байдаг байсан бол яах вэ?
  • Өнөөдрийн эдийн засгийн байдал, алтны ханшыг өглөө болгон харж барааныхаа үнийг гар аргаар тогтоож байхын оронд автоматаар тэр нь өөрчлөгддөг байвал яах вэ?
  • Сар болгоны эхэнд гар аргаар урамшуулал явуулж орж ирсэн үйлчлүүлэгч болгондоо тэр талаар мэдээллэж байхаар, автоматаар урамшуулалын мэдээллийг гэртээ, ажил дээрээ байгаа үйлчлүүлэгчиддээ мэдэгдэх арга байвал ямар вэ?
  • Шинээр дэлгүүр барихгүйгээр өөр дүүрэг, хороонд байгаа үйлчлүүлэгчдэд бараагаа хүргэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Утсаар яриад байх уу? Явуулын бараа илгээж цаг, бензин гарздаад байх уу?…

Ингээд л энэ асуулт цаашаагаа зогсолтгүй үргэлжилсээр, өнөөдрийн бизнес эрхлэгчдийн шийдэх гээд янз янзаар оролдож үзэж байгаа асуудлууд дээр хүрээд ирчихнэ. Энэ бүхний эцэст нь #автоматжуулалт гэдэг базз-үг (buzz word) явж байгааг анзаарсан байх. Автоматжуулалтыг юу бий болгож өгдөг вэ? Технологи. Тийм л болохоор том зах зээлтэй, өрсөлдөөн ихтэй газруудад хэн техник, технологи сайн сайн хэрэглэж чадаж байна, тэд илүү амжилттай явах магадлал өндөрсөж байгаа нь харагдаж байна. Нэг ёсондоо технологийг ашиглаад хүн төрөлхтөн байгаа газраасаа дэлхий, ертөнцийг дуранддаг болчихсон. Эрт дээр үед Торгоны Зам гээд л наймаачид олон мянган бээр явж бараагаа зарж борлуулдаг байсан бол, өнөөдөр Австри улсад унтлаганыхаа өрөөнд сууж байгаад Австрали улсын нэг иргэнд бараагаа цаг алдалгүй зардаг болчихсон үе. Бие, мах бодь-оороо гэр, байшин, улсын хилээр хягзаарлагдаж байгаа ч техник/технологийн хүчээр бид бүхний мэдэх virtual ертөнцөд бол ямар ч хязгааргүй, хүссэн зүйлсээ, хууль/эрх зүйн орчинд чөлөөтэй хийж болчихдог болсон үе. Нэг найз маань өнгөрсөн зун Монголд байхад хэлж байсан: “Барилгын салбар маш ашигтай. Гэхдээ газар, орон нутгаар хязгаарлагддаг. Дэлхийн бүх м/кв-д барилга барилаа гэхэд тэгээд л тэр зах зээл дуусна. Харин мэдээллийн технологи гэдэг бол ямар ч тийм хязгаар байхгүй болхоор бид хүсч л чадвал юунд ч хүрч, юуг ч хийж болно.” байнга санаад явдаг юм.

Технологийн нэг маш “зэвүүн” гэмээр зүйл нь хүмүүс бид нар өнөөдөр технологийг янз бүрээр хэрэглэж байдаг ч, тэдгээрийг хэрэглэхдээ цаана нь юу болж байдагт тэр болгон анхаарал тавиад байдаггүй. Жишээ нь Facebook ороод Like авахын тулд зураг оруулаад, найзуудтайгаа чаталж, сонин сайхнаа хуваалцаж байгаа нэг хүний хүвд Facebook бол зүгээр л нэг энгийн хэрэгцээ. Гэтэл санаандүй түүний дуртай хувасны брэндийн шинэ гарсан гутлын зурган дээр нэг найз нь Like дарсан байхыг хараад ороод үзлээ. Тэр өдөртөө дэлгүүр ороод тэр гутлыг захиалаад авлаа. Энэ хүний хувьд бол зүгээр л нэг хэрэгцээ. Гэтэл Facebook технологийн компань цаагуураа энэ бүх процессийт бий болгохын тулд хэдэн арван мянган инженерүүд, судлаачид, шинжлэх ухаанчид, аналистууд суугаад, асар их мэдээлэл дээр ажиллаж байдаг. Тэрнээс бид нар Facebook орохдоо юун дээр дарчвал Facebook-д ашигтай зүйл хийчих бол, энэ дээр дарчвал аль дэлгүүрийн маркетинг нь намайг онилоод ирчих бол…гэх мэтээр ерөөсөө боддоггүй. Зүгээр л хэрэгцээ. Бас нэг жишээ – Бага байхдаа би радио/фм сонсож, Backstreet Boys-н дуртай дуунуудаа кассетан дээр бичиж авчихаад л, урагш нь, хойш нь гүйлгэж тоглуулаад үгийг нь: “Оолдөөв лоонлий нийсэс ийвэс мэйнээ фрэээнд оф мааая” гээд бичдэг байсан. Тэр үед би дуртай дуугаа хайн байж, хүлээн байж сонсдог байсан бол өнөөдөр Spotify гээд технологийн компань хэрэглчид дээр маш их судалгаа хийсний үндсэн дээр: Өглөө босоод сонсоход тохирсон дуу, ажилдаа явахдаа сонсвол зүгээр дуу, ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тус болох дуу, орой гэртээ харих замдаа сонсох дуу, аялаж байхдаа сонсох дуу, унтхаасаа өмнө сонсох дуу, бясалгаж байхдаа сонсдог дуу, төрсөн өдөр, баяр, арга хэмжээ, парти гээд л энэ бүх зүйлс-д зориулсан дуунуудын цуглуулга гаргачихсан. Дээх нь мэддэг хэдэн дуунуудаа CD дээр бичүүлэх гээд, 1 1 ээр нь нэрийг нь хэлээд л бичүүлдэг байсан үе өнгөрч (Далай ээж захын хажуу талын Passage дэлгүүрт орж их ч дуу тэгж бичүүлсэн дээ…) одоо ерөөсөө ямар төрлийн дуу сонсмоор байна тэр төрлөө сонгоод өгөхөд л мэддэг, мэддэггүй гоё дуунууд явдаг болчихсон үе. Таалагдахгүй байвал тэр дуу дахиж явахгүй. Энэ бол бас л технологи. Гол зорилго нь юу вэ? Бас л хэрэгцээ юу? Тийм, бас үгүй. Би сонсогчийн үүднээс дуртай дуунуудаа л сонсож байгаа. Гэтэл цаагуураа Spotify реклам, зар сурталчилгаа явуулж, бас төлбөрт үйлчилгээгээ ч үзүүлдэг. Хэрэгцээ хангаж байна, цаагуур нь маш том бизнес явж байна. Энэ бизнесийг ямар нэг технологи байхгүйгээр хийх гээд төсөөл дөө?

Технологи гэдэг бол, өнөөдөр, нэгэнтээ бидний салшгүй хэсэг болсон үе. Гэхдээ зүгээр л хоол идэж байгаа юм шиг, энгийн хэрэгцээ хэлбэрээр байдаг учраас бид нар нэг их анхаарал хандуулаад, яг яагаад энийг хэрэглээд байна, цаана нь юу болоод байна гэдгийг асуугаад байдаггүй. Технологиор өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангаж байна, мэдээлэл олгож байна, хорт хавдрыг эмчилж байна, хүний амь аварч байна, холдсон нэгнийг ойртуулж, гайхамшгийг ч бүтээж чадаж байна. Технологи гэдэг ойлтолтыг машинаар зүйрлэвэл, хүмүүс бид нар жолооч, технологи нь хөдөлгүүр, харин энэ машиныг хөдөлгөж байгаа гол бензин/түлш нь юу вэ? Энэ бол мэдээлэл юм. Тийм болхоор Мэдээлэл Технологи буюу Information Technology гэж хамт явдаг. Энэ мэдээллийг орчин тойрноосоо, хүмүүсээс, болж байгаа үйл явдал…гэх мэт маш олон зүйлсээс гаргаж авч болдог. Тиймээс л өнөөдөр маш амжилттай гарч ирж байгаа технологийн компаниуд энэ их мэдээллээс тодорхой нэг хэсгийг сонгон авч, анализ хийгээд, тэрийгээ ашигтай бизнесийн модел болгон гарган ирж, хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Энэ нь барууны орнууд, цаашлаад Цахиурын Хөндийд гарч ирж байгаа технологийн компаниудын нийтлэг сэдэл болоод байгаа бөгөөд тиймээс ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж, улмаар маш эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлгээтэй болж байгаа санагддаг.

Миний ажиллаж байгаа компань ч гэсэн “тех компань” гэгддэг. Манайх өөрөө, өөрсдийнхөө технологийг бүтээн байгуулж, түүнийгээ өөрсдөө хэрэглэж, түүгээрээ бизнесийн моделуудаа гүйцэлдүүлж явдаг. Нэг энгийн жишээ гаргаж ирье: Бид манай онлайн сайтаас бараа худалдан авсан үйлчлүүлэгчдийнхээ худалдан авалтын түүхийн мэдээлэл дээр үндэслэн анализ хийж, ямар үед, ямар газар зүйн байрлалаас хамааралтайгаар, А бараа авсан хүн Б бараа авах магадлал өндөр байдаг вэ гэсэн нэг төрлийн тогтолцоо гаргаж ирнэ. Үүнээсээ хамаарч цаашлаад тухан бараанудыг үйлдвлэрлэгчдээс зэрэг татахыг системдээ нэвтрүүлнэ. Бараа хадгалж байгаа агуулахдаа А, Б бараануудыг хооронд нь ойролцоо хадгалахыг системээр шийдэж өгнө. Тэгсэнээд агуулах дотор үйлчлүүлэгчдийн захиалгыг аваад А, Б гэсэн 2 барааг түүж байгаа агуулахын ажилтны А аас Б хүртэл алхах зай нь богиносох юм. Ингэснээр тухайн ажилтны бүтээмж нь илүү өндөрсөж, өдөрт түүж, хайрцаглах барааны тоо ихсэнэ. Ингэснээр манай компань тухайн ажилчинд төлж байгаа цалингийнхаа хэмжээндээ сайн чанартай, өндөр хөдөлмөрийн бүтээмж авч байгаа юм. Энэ нь цаагуураа эргээд худалдан авагчдад бага хэмжээнд олон бараа хүргэж өгөх боломжийг бий болгосноор, хүмүүс илүү их бараа захиалж, компанийн орлого сайжирч, бид нар орлогоороо ирээдүйн технологи-тоо хөрөнгө оруулалт хийх боломжтой болдог. Амазон бол өөрийнхөө олсон орлогыг бусад тех компаниуд шиг ажилчиддаа perks (бонус, массаж, үнэгүй хоол, фитнесс, хүүхэд асрах газар… гэх мэт) өгөхөөс илүүтэйгээр ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх загвараар явдаг. Технолой хөгжиж, дэвшихийн цагт дараа дараагийн хийгдэж буй хөрөнгө оруулалтын нэг жишээ нь PrimeAir буюу дронь ашиглаж агаараар захиалга хүргэлт хийх технологи юм. Ингэснээр том, том ачааны машинд төлбөр төлөхгүй, олон зуу/мянган км явж цаг алдахгүй, жолоочын зардал гэж төлөхгүй, түгжрээ, осол, аваар гэж санаа зовохүй, богинохон хугацаанд бараа хүргэлт хийх боломж юм. Ингэснээр ROI буюу хийсэн хөрөнгө оруулалтын ашиг нь иргээд зардлаа багасах боломжийг бий болгоно гэсэн үг. Тийм учраас технологийн компань гэдэг маш том базз-ү/ойлголт болчихож байгаа юм.

Манай оронд Технологийн компанийн үнэлэмж хэр вэ? Манайд улсынхаа хэмжээнд нэртэй, томоохон хэд, хэдэн компаниуд байдаг. Тэдгээр компаниудын барьж ирсэн бизнесийн загвар бол аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг онилон, тэндээс зах зээлээ бүрдүүлж ирсэн санагддаг. ERP систем, POS систем гээд л. Гэтэл өнөөдөр өнөөх энгийн хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангаад, байнгын, салшгүй нэг хэсэг болсон, амжилттай яваа, ямар нэг үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн байна уу гэвэл бас жаахан асуудалтай. Үүнд мэдээж маш олон зүйл нөлөөлдөг байх. Хүмүүс ч өөр, өөрийнхөөрөө харж байгаа өнцгөөс тайлбарладаг. Надад байнга бодогдож явдаг нэг гашуухан үнэний нэг бол – манайхан үнэгүй зүйлд их дуртай. Ганц манайхан ч гэлтгүй гадныхан ч бас тийм л байдаг байх. Гэхдээ манайхны тэр байдал нь хэт давамгайлсан учраас хэн нэгэн нь цаг, мөнгөө зарцуулаад нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд түүнийг дэмжээд, худалдаад авахын оронд үнэгүй хувилбарыг нь олохыг хичээдэг. Би ч гэсэн багадаа тэгдэг л байсан. Counter Strike гээд тоглоом тоголдог байхдаа үнэгүй хувилбарыг нь CD дээр найзаасаа аваад л тоголчихдог байсан. Тоглоом хөжгүүлэгчид нь худалдан авалт байхгүй бол дампуурна гэж огт мэддэггүй байсан үе. Мэдээж АНУ-н зах зээл дээр худалдан авалт сайн байдаг учраас хөгжүүлэгчид нь тодорхой хугацаанд амжилттай явсан байдаг байх. Бас нэг жишээ – Одоогоос 5 жилийн өмнө би нэг зочид буудлын захиалгын систем хийдэг программын компаньд ажиллаж байсан юм. Зуныхаа амралтаар Монгол очоод хэд, хэдэн зочид буудлын эзэдтэй уулзаж захиалгын системийн талаар асуунгаа, тиймэрхүү систем улсдаа хийгээд зарвал авах талаар зах зээлийн судалгаа хийхэд авч байсан нийтлэг хариулт бол: “Өө манайхан Орос-оос нэг систем авчихдаг юм, тэрийгээ бие биендээ дамжуулаад л эсвэл зүгээр crack-дсан хэлбэрээр нь аваал суулгачихдаг. Тэгж оригиналь хувилбарыг худалдаж авч, зарцуулж байх мөнгө хаана байна?”. Үүнийг сонсоод миний Монголдоо зочид буудал/жуулчдын базуудад зориулсан олон улсын хэмжээн дэх захиалгын систем хийх гэсэн хүсэл маань буурч билээ… Бас нэг зун Монголдоо томоохон компаниудын нэгэнд нь дадлага хийх боломж олдсон юм. Ажлын эхний өдөр компьютер дээрээ хөгжүүлэлтийн програм суулгах гэтэл тэр нь crack-хийгдсэн хувилбар байсныг хараад сэтгэл их гонсойж байсныг нуух юун. (Crack хийгдсэн гэдгийг энгийнээр тайлбарлавал: Та хүмүүст бараа зардаг гэж бодъё. Тэгээд тэр барааг чинь хүмүүс гадуур яваад зардаг. Хүмүүсээс төлбөрийг нь авангуутаа тэдэнд нэг код хэлдэг. Өнөөх худалдан авагчид нь тэр кодоо тань дээр ирж хэлээд, та зөв гэдгийг нь шалгаад агуулахаасаа нэг бараа гаргаж өгдөг байг. Гэтэл хэсэг муу хүмүүс тэр кодыг нь хууль бусаар олоод мэдчихэж. Тэгээд олон хүмүүст тараачихав. Тань дээр очоод код хэлсэн хүн болгонд та худалдан авалт хийсэн гэж итгээд л бараагаа өгөөд л байна…). Дахин хэлэхэд – би ч гэсэн crack-дсан програмууд ашигладаг байсан. Үүнийгээ муу юм хийж байна ч гэж мэддэггүй, зүгээр л үнэгүй юм олчихлоо гэж олзуурхаж, баярладаг байснаа л санаж байна. Өнөөдөр миний хэрэглэж байгаа програмууд бүгд нэг бол Opensource/үнэгүй програмууд эсвэл төлбөртэй програмууд байдаг. Энэ жишээгээр юу гаргаж ирэх гэсэн бэ гэхээр – бидний үнэгүй зүйл амттай гэдэг сэтгэлгээ маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замд томоохон саад болдог хүчин зүйлсийн нэг болчихоод байдаг санагдсан. Ашиг, үр шимийг нь бодхоосоо өмнө: “Ямар үнэтэй юм” гээд л бодлоо харанхуйлчихна. Өнөөдөр нэг програм-д 10,000 төгрөг төлөхөд тэр хүнд явцдаа 50,000 төгрөг хэмнэж болохыг хардаггүй гэсэн үг.

За тэгэхээр хэрэглэгчид нь үнэгүй зүйлс хэрэглэх дуртай болхоор худалдан авалт нь багасчихна. Энэ байдал нь бизнесийн судалгаагаар: “Зах зээл муу/бага” гэсэн дүгнэлтэнд хүргэчихдэг. Тийм болохоор үндэсний хэмжээнд мэдээлэл технологийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, хөгжүүлж, хийх хүмүүс багасчихдаг. Үндэсний юм байхгүй болохоор хэрэглэгчид нь улам л барууны, эсвэл бусад орны бүтээгдэхүүн хэрэглээд, хэвшээд эхэлдэг. Өнөөдөр хэдэн Монгол залуус гарч ирээд: “Бид нар хүмүүс хоорондоо холбоотой байж болдог, зураг, видёо хуваалцаж болдог сайт хийнэ” гэвэл хэрэглэх хүн олдохгүй байх. Учир нь Facebook гэж гадны бүтээгдэхүүн нэгэнтээ энэ орон зайг эзлээд, хүмүүсийн салшгүй хэсэг болчихсон. Facebook гарч ирэхээс өмнө ийм санаа бодоод явж байсан гэгддэг 2 ч Монгол залуутай уулзаж байсан. Тэд нар тухайн үедээ гарч ирээд, хэрэглэгчид нь дэмжээд явсан бол өнөөдөр Facebook дэлхий дээр байр суурьтай Монголын компань болчихсон байх байсныг үгүйсгэхгүй. Эсвэл үндэснийхээ хэмжээнд хүн болгон хэрэглэдэг том апп хийчихсэн байсан бол Монголын зах зээлрүү орохын тулд өнөөх Солонгос, Хятад, Япон компаниуд тэр апп-аар дамжихаас өөр аргагүй болж улмаар манайх зүүн Азиас түрж гарж ирсэн томоохон технологийн компаньтай болох ч байсан юм бил үү?

Үндэсний хэмжээнд өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байна гэдэг цаагуураа гадны хөрөнгөтэй, мөнгөтэй байгууллагуудын анхаарлыг яаж татдаг талаар өөрийн олж мэдсэн туршлага дээр үндэслэн 2 жишээ хуваалцая.

Өнөөдөр Японд томоохон байр суурь эзэлж байдаг зүйл бол “манга”. Naruto, One Piece гээд л эхлэхэд хүмүүс мэдэж магадгүй байх. Японы зах зээл рүү Амазон орохын тулд их судалгаа явуулсан байна. Баруунаас тэс өөр сэтгэлгээтэй, бизнесийн өрсөлдөөн ч өөр байдлаар явагддаг энэ тэмцэл рүү орохын тулд хийсэн судалгааны үндсэн дээр 2 стратеги гаргаж ирсэн байна.

  1. Манга-г хүмүүс ном, сэтгүүлээр их уншдаг. Байнга л дэлгүүр орж манга худалдаж авдаг. Нэг мэдхэд гэртээ хэт их цаас, хэвлэлүүд  хуурачихсан сууж байдаг. Шинэ анги гарахаар заавал нэг дэлгүүр, мухлаг руу очиж, оочирлон зогсож байж худалдаж авч байгааг хараад Amazon өөрийн бүтээгдэхүүн болох Kindle-г ашиглан Японы зах зээлрүү хүчтэй орох боломжийг олж харсан байна. Манга зохиогчидтой гэрээ хийснээр, өнөөх зохиолчид нь бичсэн, зурсан бүтээлүүдээ хэвлэлийн компаниар дамжуулан бөөн цаг алдаж, төлбөр тооцоо гэсэн толгойны өвчнөөс салж гэртээ сууж байгаад, дижитал хувилбараар манга цувралаа гаргачихна. Тэр нь kindle-тэй хүн болгоны гар дээр шууд оччихно. Тухайн зохиолчын манга-г унших хүсэлтэй хүмүүс kindle худалдаж авахаас өөр аргагүй болно. Хэн хэндээ ашигтай маш онц шийдэл!
  2. Япон болон зүүн Азийн орнуудад хэрэглэгддэг апп болох: Line гэж байдаг байна. Хүмүүс энэ апп-ыг ашиглаж хооронооо чаталж, зураг, дуу, видео явуулж, групп чат хүртэл үүсгэж хоорондоо харилцдаг. 2015 оны судалгаагаар Япон улсын ухаалаг гар утас хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар хамгийн цөөндөө гэхэд л 50-59 насны хүмүүсийн 86.5% нь Line хэрэглэдэг байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 50-аас доош насны, ухаалаг гар утас хэрэглэгчдийн дор хаяж 86% түүнээс дээших хүмүүс бүгд Line хэрэглэдэг болж таарч байна. Энэ бол Японы үндэсний бүтээгдэхүүн. Үнэгүй бүтээгдэхүүн. Гэхдээ хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангаж чадаж байна. Японы зах зээл рүү орохыг хүсч байгаа гадны компаниуд энэ факт-ыг тоохгүй байхын аргагүй. Тиймэс ч Амазон судалгаа хийсний үндсэн дээр Line апп дээр өөрийн брэндийг сурталчилсан жижигхэн иможи-нууд гаргаж ирсэн байна. Хүн бүхний анхаарлыг татсан, сэтгэлийг хөдөлгөж чадсан иможинууд хийснээр хүмүүс Amazon гэж АНУ-н компань гэдэг талаас нь нэг их тоохгүй, оронд нь иможиг нь л хэрэглэх гэж ихээр татаж эхэлсэн байна. Гэтэл 2 хүн хоорондоо хэр их Амазон-ын иможи явуулна, тэр болгонд л “Амазон” гэсэн лого/сурталчилгаа/брэнд том, жижиг гэлтгүй явж, хүмүүсийн тархинд сууж эхэлжээ. Шинэ иможи гаргахыг хүсэн хүлээж ядсан хэрэглэгчид Амазон-ы хөгжүүлэгчдэд хүсэлтээ гаргаж эхэлжээ. Ингэснээр хэрэглэгчдийн анхаарлыг татаж чадсан маркетингийн стратегиа тэр даруйд нь бизнесийн загвар болгон хувиргаж, урамшуулал, хямдрал, сурталчилгаанууд явуулж Амазоны Япон дахь сайтруу хэрэглэгчдийг хандуулж эхэлсэн байна. Энэ бол бас нэг онц шийдэл.

Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр – их, бага гэлтгүй хэрэглэгчдээ нэгтгэсэн үндэсний бүтээгдэхүүн гаргаад ирж чадвал, гадны компаниуд тухайн зах зээл рүү нэвтрэхийн тулд тэр бүтээгдэхүүнээр дамжихаас өөр аргагүй байдалд хүрч, улмаар тухайн технологийн компанийг ч гэсэн дэмжчихэж байгаа юм. Өнөөдөр нэг үеэ бодвол манайд мэдээллийн технологи сонирхогчид, хөгжүүлэгчид, инженэрүүд ихэссэн. Манайд онлайн худалдаа ч бага багаар өргөжиж, саяхан Монгол Банкнаас хүртэл онлайн төлбөрийн тооцооны нэгдсэн платформ той боллоо хэмээн мэдэгдэл хийсэн. Startup Mongolia гээд бас бий болсон гэж сонссон. IT Park аас оюутнуудын дунд бас startup төслийн тэмцээн явуулж, инкубат хийж байгаа гэж дуулсан. Технологи – бидний салшгүй нэгэн хэсэг байсаар л байх болно. Тиймээс энүүгээр дамжуулж хүргэх нэг мессэж бол – бид өөрсдийн гэсэн үндсэний 1, 2 томоохон бүтээгдэхүүнтэй болох хэрэгтэй. Түүнийг бүтээхийн төлөө өдөр, шөнөгүй сууж чаддаг чадварлаг залуучууд, гаргаад ирсэн бүтээгдэхүүнийг нь дэмжээд, хэрэглэдэг үнэнч хэрэглэгчид байх хэрэгтэй. Энэ 2 багана байхад цаашлаад тулгын 3 гэдэг шиг 3 дагч хүчин зүйл нь өнөөх л “улс нь дэмжээд өгвөл…” гэдэг шиг улс төрөөс нь туслаад, дэжээд өгвөл манайх дэлхийн дараагийн том зүйлийг хийж чадахгүй гэсэн юм байхгүй. Тэгээд ирэхээр тухайн технологийн компань нь үнэлэгдээд ирнэ. Үнэлэмж ихсэхийн хэмжээгээр ажилчдын үнэлэмж ихсэж, цалин, хангамж нь дэлхийн жишигт хүрнэ. Гадны орнуудад ажиллаж байгаа хүмүүс ч нутагтаа очоод ажиллахад: “IT инженер юм уу? Принтер янзлана, вэб сайт хийнэ, програм бичнэ, сүлжээ хариуцана” гээд цалин багатай, супер-мэн авчих гэсэн хүний нөөцийн хүмүүстэй ярилцлаганд орох биш өөрсдийн мэдлэг, чадвар, туршлагадаа таарсан цалин авах боломжтой болно байх. Дэлхийн бусад орнуудын араас байнга алхдаг улс байх уу? Эсвэл өөрсдийн гэсэн бүтээгдэхүүнтэй, түүгээрээ бахархаж чаддаг, ардаа бусад орнуудыг дагуулсан тийм улс байх уу? Би бол 2 дахь сонголтыг үргэлж сонгоно. Харин үүнд хүрэхийн тулд, бид өөрсдөдөө байгаа цаг, хугацаагаа хэн нэгний сонгуулийн вэбсайт хөгжүүлэхэд биш, зар мэдээний сайт хийхэд биш, дан энгийн л байгаа зүйлийг холбож тавьдаг хөгжүүлэгч сэтгэлгээр биш, шинийг эрэлхийлж, зохион бүтээх инженэр сэтгэлгээгээр хандаж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, туршиж үзэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд мэдээж санаа хэрэгтэй. Санаагаа өөр хоорондоо харамгүй хуваалцдаг зуршил суух хэрэгтэй. Миний хувьд бол Монголд маань нэг ч гэсэн дэлхийн хэмжээний томоохон компань гарч ирж л байвал хэд ч байсан хамаагүй санаа гаргаад, хуваалцаад өгөхөд 100% бэлэн байдаг. Эцэст нь ганц тэр компань биш бид бүхэн ашиг, шимийг нь хүртэнэ шүү дээ.

Хэрвээ та технологийн төрлийн хүн биш – бизнес, санхүү, эдийн засаг, банк, барилга, маркетинг, анагаах, боловсрол гээд л өөр нэг салбарын хүн бол технологийн төрлийн мэдлэгтэй хэн нэгэнтэй сайн найз болж ав. Түүнтэй өөрийн гэсэн санал бодол, бизнесийн санаагаа чөлөөтэй хуваалц. Ярилц, Судалгаа хий. Эд сайхан хийе, бүтээе гэдэг насан дээрээ байгаа бол ханцуйгаа шамлаад, зоригтой ор. Хий, Бүтээ, Уна, Босч Ир, Дахиад Уна, Бүр Илүү Чадалтай Босч Ир – нэг мэдэхэд амжилтын оргилд хүрсэн байгаагаа харах өдөр ирнэ. Та хэрвээ айлын аав, ээж үр хүүхдээ ямар мэргэжилтэй болгох вэ гэж санаа зовж, бодож тунгааж суугаа бол – Мэдээллийн Технологийг заавал авч, хэлэлцэж үзээрэй гэж зөвлөх байна. Мэдээ, мэдээлэл илүү нийлэг, нээлттэй болсон өнөө үед таний хүүхэд Мэдээлэл Технологоор мэргэшээд Монголдоо үнэлэгдэхгүй боловсон хүчин болчих вий гэж эмээх цаг өнгөрсөн. Хийж, бүтээж чадаж байвал чадалтай хүмүүсийг олж авах гээд энэ барууны, зүүний компаниуд дэлхийн аль ч өнцөг буланруу явж байна. Интернэт байгаа цагт Монголын нэг аймгийн суманд хичээллээд, програм амжилттай бичиж байгаа хүү өөрийнхөө бүтээлийг дэлхий дахинд таниулах боломжтой болсон үе. Тиймээс өнөөдөр Монголдоо төгсөөд эндээ ямар ажил хийж болхоор байна гэдгээр хязгаарлаж үр хүүхдийнхээ ирээдүйг битгий шийдээрэй гэж хувьдаа зөвлөх байна. Мэдээллийн Технологи бол хязгааргүй том салбар. Хүн юу хүсч чадна, түүндээ хүрч болно.

За ингээд дараагийн постоороо: “IT салбарын инженэр/хөгжүүлэгчдийн үүрэг, хариуцлага мөн тэдний үнэлэмж яагаад өндөр байх ёстой вэ?” гэсэн сэдвийг дээрх шиг энгийн байдлаар хөндөж бичье гэсэн бодолтой байна.

Жиш: Өмнөх постууд дээр хэлдэг шиг, үг үсэг, утга найруулгын алдаа гаргасан бол хүлцэл өчье. Мөнн зарим нэг хэрэгцээтэй гэж үзсэн үг, хэллэгийг орчуулж утгыг нь алдагдуулж байснаас Англиар нь биччихсэн нь дээр гэж үзэж байгаа.

Санал, сэтгэгдлээ чөлөөтэй хуваалцаарай.

Баярлалаа,
А. Амарбаяр

Advertisements

3 thoughts on “Даралтаа нэг үзчихье – Технологийн компань ер нь яг юунд хэрэгтэй, яагаад өндрөөр үнэлэгддэг юм вэ?

  1. Mash medeelleg post baina, bayarlalaa. Manaihnii dutmag taliig yag l olood helsen bna. Shiniig irelhiileh zorigiig nadad ugluu. Dahin bayrlalaa gej helii

    Like

  2. mundag yumaa, anh yaj IT-g sonirhoj ehelsen talaaraa bichvel bas sonirholtoi bh bolov uu gej bodloo, mergejlee songoj bh uyed chin ene talaar medeelel hovor bsan bh gej bodoj bn gehdee yaj ingej ih durlah bolson shaltgaanaa bicheerei, duudee unshuulay hehe

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s