(2-р хэсэг) Монголоос шууд Амазон дээр бараа зарж болох уу? (2018.9.23)

Standard

таньд

blog view

2017 оны 10-р сард энэхүү блог постынхоо 1-р хэсгийг нийтэлж бичсэнээс хойш нийт 9,000 орчим хүн орж уншиж, 61 сэтгэгдэл үлдээж, имэйл ээр 10 орчим хүмүүс ханджээ. Энэ хугацаанд юу, юу болж өнгөрсөн талаар 2-р хэсгээрээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байна. Өмнөх бичсэн блог постыг маань оюутнууд, ажил эрхлэгчид, биознес эрхлэгчид, үүсгэн байгуулагчид, улсын их хурлын гишүүд, ТВ/сонингийн хүмүүс хүртэл, за тэгээд бүр Unitel-н CEO хүртэл уншсан гэдгийг өөрөө надад хэлэхийг нь сонсоод ямар ч байсан хүнд хэрэггүй зүйл хийгээд яваад байгаа биш юм байна гэдэг урам зориг авсан шүү. :)

Өмнөх пост-оор бичсэн гол санаануудаа базаад хэлэхэд:

  1. Амазон сайт дээр бараа зарах боломжтой орнуудын жагсаалтанд Монгол яагаад байдаггүй
  2. Монгол орныг нэмүүлэх гэж хөөцөлдсөн уулзалтуудын маань үр дүнгээс
  3. Монголчууд маань Амазон дээр бараа зарахад тулгарч болох асуудлууд

2017 оны 12 сар хүртэл ямар ч байсан уулзалт хийсэн хүмүүстэйгээ дахин дахин араас нь уулзаж, Монголыг нэмүүлэх талаарх яриаг үргэлжлүүлж байсан ч маш олон багийн дамжлагаар бий болох зүйл байсан бөгөөд 2018 оны төлөвлөгөөгөө багууд гаргачихсан байсан учраас шинээр нэмж ажил оруулна гэдэг амаргүй гэдгийг хүн болгон хэлж байсан юм. Ингээд би ч бууж өгөхгүй үздэгээрээ үзэж байсан ч, 2018 оны 4 сард ажлаа солих цаг нэгэнт болчихсон байв. 3 жил гаруй нэг газраа ажилчихсан, ерөнхийдөө ажлаа сольё гээд бодчихсон байсан болохоор он гараад 1 сараас ярилцлагууд өгөөд эхэлчихсэн байлаа. Ингээд нэг мэдэхэд өөр газар ажилд орохоор болж, Амазон-д хамт ажилладаг байсан хүмүүстээ баяртай гэсэн имэйл явуулж байсан юм. Мэдээж Монголыг Амазон дээр нэмүүлэх талаар хамтарч ажиллаж байсан ПМ-дээ энэ ажлаа үргэлжлүүлээрэй гэдгийг аминчлан захилаа.

Амазон-оос ажлаасаа гарлаа гээд Монголоос Амазон-руу бараа зарах гэсэн том судалгааны ажил маань зогссонгүй. Угийн Амазон сайт дээр Монгол орныг нэмүүлэх ажил нь тодорхой хугацаа авах байсан учир, үүнээс гадуур хийж болох судалгааны ажлууд руу орлоо. Үүнд:

  1. Монголоос АНУ-руу бараа авчрах
  2. Тухайн бараануудыг Амазон сайт дээр байрлуулах
  3. Тэгээд тэдгээр бараануудыг борлуулах

гэж 3 хуваасан юм.

1) АНУ-Монгол хоёрын хооронд 10 гаруй карго, шуудан, илгээмж байгааг олж мэдэж өөрийнхөө хэмжээнд судалгааны ажлууд хийж, энэ үйлчилгээ үзүүлдэг газруудад үнийн судалгаа, компанийн оршин тогтнож буй цаг хугацаа, хэрэглэгчдийн сэтгэгдэл, АНУ талдаа бараа хүлээж авах чадамж, авсан бараагаа хадгалах чадамж зэрэг үзүүлэлтүүдийг харлаа.

2) Амазон сайт дээр бараа байрлуулахын тулд шаардлагатай мэдээлэл, бичиг баримт, бараа зарах хэрэглэгчийн дансны төрлүүд, төлбөр, барааны ангилал, ангилал тухай бүрт байдаг дүрэм, журмууд, татварын мэдээлэл, агуулахууд руу бараа явуулах процесс, барааг хайрцаглах, савлах дүрэмтэй нэлээдгүй сайн танилцлаа.

3) Амазон дээр нэгэнтээ байршуулсан бараануудыг хэрхэн зарах, борлуулалтын сувгууд, хайлтын систем-д тохирох хайх-үгийг сонгох, барааны мэдээллийг хэрхэн борлуулалтад ашигтай байдлаар оруулж өгөх, Амазоноос санал болгодог маркетингийн үйлчилгээнүүдийг бас ерөнхийд нь судаллаа.

Ингээд эдгээр судалгааны ажлууд дээр тулгуурлаад, Монгол улсынхаа хэдэн компани-тай хамтран, 3 сарын хугацаатай туршилтын төсөл эхлүүлсэн юм. Тодорхой хэмжээнд нууцлалын гэрээ хийсэн учир эдгээр компанитай хамааралтай ямар нэг тодорхой мэдээлэл, тоо, баримтуудаас хуваалцах боломжгүй гэдгийг энд чухалчлан дурьдах нь зүйтэй байх. Гэхдээ энэ төслөөс ерөнхийд нь олсон, мэдсэн, сурсан зүйлсүүд дээрээ тулгуурлаад дараа дараагийн хүмүүст, бизнесүүдэд хэрэг болох байх гэсэн үүднээс хуваалцаж байгаа юм. Үүнээс хойш: “бид” гэдгээр би болон хамтарч, 3 сарын төсөл дээр ажилласан компаниудаа хэлээд явъя.

Бидний сонгосон бүтээгдэхүүн нь ноолууран хуцас, эдлэл, хэрэглэл байлаа. Урдаа тавьсан хамгийн том зорилго бол бараа зарж, борлуулалт хийх биш оронд нь Монголоос АНУ-руу бараа явуулах, бараагаа Амазон дээр байрлуулах, тэгээд борлуулах аргуудыг хайж олох – гээд бүх процессоо л судлах байлаа. Ингээд процесс маань иймэрхүү байдалтай явсан юм:

  1. Хамтрагч компаниуд маань Монголоос бараагаа татаад, DHL-ээр явуулсан
  2. Явуулсан бараануудыг АНУ-д би хүлээж авч, шалгана
  3. Дараа нь бараануудаа Амазон сайт дээр байршуулна (зураг, мэдээлэл, жин, хэмжээ, хайлтын үгүүдийг тохируулах гэх мэт)
  4. Амазон сайтаас тооцоолол хийгээд явуулах агуулахуудын хаяг тодорхой болмогч бараагаа хайрцаглаад, UPS дээр аваачиж өгөх
  5. Бараагаа зарж эхлэх

Яагаад DHL сонгосон бэ гэж гайхаж байж магадгүй. Ерөнхийдөө бол DHL-г үнэтэй гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ ямар нэг байгууллагын хэмжээнд гэрээтэй бол хямдралтай үнийн санал болгодог талтай. (Жишээ нь Амазон UPS-тэй гэрээтэй учир UPS-ээр явуулж байгаа Амазон борлуулагчдын төлбөр маш бага гардаг). Мөн эхний ээлжинд олон улсын хооронд бараа явуулаад сурчихсан, өнөөх бараагаа track (хаана явж байгааг нь харж болох систем) хийх системтэй, АНУ-д очиход гааль, татварын шалганаар нэвтрүүлээд чадчихдаг газраар явуулъя гээд DHL-г сонгосон гэхэд болно.

Энэ процессоор явах нь зөв шийдэл гэдгийг хэд, хэдэн зүйлс харуулж, баталж байсны нэг нь тусдаа, салангид байдлаар ажиллах боломж байсан юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Монголоос компаниуд маань бараагаа АНУ хүртэлх бүх зүйлсээ хариуцна, харин би АНУ-д ирсэн барааг Амазоны агуулах хүртэлх процессыг хариуцна. Ингэснээр нэг нэгэнтэйгээ давхцаж ажиллаж, асуудал үүснэ гэсэн зүйлс байхгүй байлаа.

Олон нийтэд ил, тод байдаг, ямар нэг нууцлалтай биш мэдээллүүдээс хуваалцая. Монголоос гарсан барааг АНУ-д хүлээж аваад, Амазон сайт дээр байрлуулаад, агуулахууд руу явуулаад, тэдгээр бараанууд Амазон сайт дээр “зарахад бэлэн болох”-д нийт 15-18 ажлын өдөр орно гэж тооцоолол гаргасан маань ерөнхийдөө зөв болж таарсан. Зарим тохиолдолд арай бага, зарим тохиолдолд арай урт байсан ч ерөнхийдөө бол энэ баримжааг аваад ажиллахад болмоор санагдсан. Амазон дээр борлуулагчийн данс нээхэд сарын $39.99 төлдөг. Үүн дээрээс нэмээд зарсан бараа болгондоо 20% хүртэлх (энэ “хүртэлх” гэдэг үгийг сайн хараарай, яагаад гэхээр ихэнх шимтгэл нь энэнээс хамаагүй бага байх бөгөөд барааны төрөл, ангилалаас шууд хамааралтай) шимтгэл, агуулах ашиглалтын төлбөр болон тухайн барааг хайрцаглаж, савлаж, хүргэх зардал (хэрвээ Амазон FBA ашиглаж байгаа бол) нэмэгдэх юм. Үүн дээрээс нэмэгдээд мэдээж маркетингийн холбогдолтой реклам, зар сурталчилгаа явуулбал тэдгээр үйлчилгээнүүдийн үнийг бас нэмж төлнө. Энэ хүртэл уншаад жаахан толгой чинь эргээд эхэлж байгаа бол Амазон-д байдаг ерөнхий хэдэн үйлчилгээнүүдийн талаар товчхон дурьдая.

Individual Seller
Амазон дээр бараа зарах хамгийн энгийн эрх. Зарсан бараа болгондоо $0.99 төлбөр + зарсан үнийн тодорхой % тай дүйцэх шимтгэл + хувьсагч байдлын бас жижиг шимтгэл төлнө. Гэхдээ энэ төрлийг сонгосон байхад барааны төрөл, ангилалын хувьд хязгаартай. (Жишээ нь хувцас орохгүй). Сард 40 буюу түүнээс доош тооны бараа зарахаар тооцоолж байвал энэ сонголтыг сонгоно. (Яагаад гэхээр 40-с дээш бараа зараад, бараа болгонд $0.99 суурь хураамж төлөөд байвал Professional Seller гэсэн сонголтыг авснаас ялгаагүй болчихно)

Professional Seller
Амазон дээр бараа зарах хамгийн боломжийн сонголт гэж боддог. Ямар нэг барааны нэр төрлийн хязгаарлалт байхгүй. Сар болгон $39.99 гэсэн суурь хураамжтай. Энэ суурь хураамж дээр нэмээд мэдээж зарсан бараа болгон дээр Амазон зарж өгсөн хувь + хувьсагч байдлын жижиг шимтгэлээ авна.

Fulfill By Amazon (FBA)
Энэхүү үйлчилгээг авснаас та Амазоны агуулах руу бараануудаа явуулчихна. Амазон таны барааг зарагдтал нь хадгална, хүн таны барааг захиалвал Амазоны ажилчид таны барааг хайрцаглаж, савлаад, хүргэж өгнө гэсэн үг. Бараа буцаагдах, хэрэглэгчдийн санал гомдлыг бас Амазон хариуцна. Энд мэдээж нэмэлт төлбөр шаардана.. Барааны жин, хэмжээ, хэр удаан Амазоны агуулахад хадгалагдаж байгаагаас хамаараад төлбөр нь янз янз гарна.

Merchant Fulfilled Network (MFN)
Энэхүү үйлчилгээг сонговол та Амазон дээр бараагаа байрлуулаад, хүн худалдан авалт хийсэн тохиолдолд өөрөө та бараагаа хүргэлт болон буцаалтыг хариуцна гэсэн үг юм. Мөнгө хэмнэх арга хэдий ч хэт их бараа зараад, нааш цааш гүйгээд эхэлвэл цаг их авах ажил.

Amazon Prime
Амазон-оос үзүүлдэг хамгийн алдартай үйлчилгээ. Амазон дээр худалдан авалт хийдэг хүмүүс Prime хэрэглэгч бол жилийн тогтмол хураамж төлснөөр, захиалсан бараа болгон нь 2 хоногийн дотор үнэгүй, баталгаат хүргэлт хийлгэж, кино/видео сан, дуу хөгжим, зураг хадгалах эрх гэх мэт олон үнэгүй хангамжууд дагаад ороод ирдэг гэсэн үг. Амазон дээр зарагдаж байгаа бараануудаас Amazon Prime гэсэн бүтээгдэхүүн байвал Prime хэрэглэгчид худалдан авахдаа илүү дуртай байна, яагаад гэхээр 2 хоног дотор баталгаат, үнэгүй хүргэлттэй. Тиймээс ч бараа зарж байгаа хүмүүс маань бараагаа Prime болгох сонирхолтой байдаг. (Fulfill By Amazon нь энэ үйлчилгээг үзүүлдэг юм).

Brand Registration
Хэрвээ Амазоны сайт байрладаг орнуудын аль нэгэнд таны бизнес, компани брэнд бүртгэл (худалдааны тэмдэг бүртгэл) хийлгүүлсэн бол, түүнийгээ ашиглаад Амазоноос үзүүлдэг Brand Registration үйлчилгээг үнэгүй авах боломжтой. Ингэснээр таны бараануудыг хүмүүс танигдсан, баталгаат brand хэлбэрээр харах бөгөөд, хуурамч биш гэдэг утгаараа худалдан авагчийг ятгах нэмэлт алхам болно. Мөн өөрсдийн “дэлгүүр”-ийг Амазон дээр байрлуулж, бүх бараануудаа нэг дор байрлуулж, харуулах боломжтой болдог юм. Цаашлаад барааны дэлгэрэнгүй танилцуулга болгон дээр видео, зураг хүртэл оруулж хүмүүсийн анхаарлыг татах боломжтой болно.

Sponsored Products
Маркетингийн нэгэн төрөл. Хүмүүс жишээ нь: “women’s dress” гээд Амазон дээр хайхад, Амазон дээр хэдэн сая ширхэг эмэгтэй хүний даашинз байж болно. Тэр бараануудыг зарж байгаа хүн болгон өөрсдийнхөө барааг рекламны буланд гаргахыг хүсч байгаа. Тэгэхээр тэр хүн болгон энэ хайлтын үгэн дээр бооцоо тавьж болдог юм. Бооцоо тавихдаа: “энэ үгийг хайхад, би дээд тал нь хайл болгон дээр $1 зарцуулах хүсэлтэй бөгөөд, над шиг яг адилхан $1 тавьсан хүмүүс дундаас миний ялах магадлалыг 80% болгоно уу” гэх мэт тооцооллыг оруулж өгч болдог. Дараа нь хүмүүс ийм үгээр жишээ нь хайхад, таны тавьсан бооцоо ялж, таны барааны реклам харагдвал таны данснаас $1 авна гээд журналь дээрээ биччихнэ гэсэн үг.

Headline Search Ad
Brand бүртгүүлсэн хүмүүс энэ үйлчилгээг авах эрхтэй. Ер нь бас хайлтын үгэн дээр тулгуурлаж, реклам гаргах үгүй шийдэгдэнэ. Sponsored Products-аас ялгаатай нь энэ рекламаар та өөрийнхөө брэнд-ийн лого + 3 бүтээгдэхүүнийг зэрэг 1 рекламаар сурталчилж болно гэсэн үг юм.

За энэ хүртэл уншаад дээр бичигдсэн янз янзын үнэтэй үйлчилгээнүүдийн талаар, бас магадгүй таны бизнес-т тохирсон үйлчилгээнийхээ талаар санаа авчихсан байх гэж найдаж байна.

Энэ дээрээс базаад хэлэхэд: Маш олон төрлийн үйлчилгээнүүд бий, өрсөлдөөн их, за цаашлаад таны Монголд үйлдвэрээс гарсан нэгж барааны үнэ АНУ-д очоод, энэ үйлчилгээнүүдийг аваад, зардлаа нөхөөд, ашигаа олох хүртлээ ямархуу байх ёстой вэ гэдэг тооцооллыг маш сайн хийх хэрэгтэй гэсэн үг болж байгаа юм. Таны бараа үнэ бас өрсөлдөхүйц үнэтэй байж хүмүүс авах магадлал ихсэнэ гэсэн үг шүү дээ. Аан бас зарагдахгүй удаад байгаа бараануудыг Монгол руу татаж авахаар бол бас зардал гарна гэдгийг тооцоолох хэрэгтэй. (Учир нь Амазон 180-с дээш, мөн 365-д дээш өдөр зарагдахгүй байгаа бараануудад нэмэлт шимтгэл ноогдуулдаг).

Барааны мэдээлэл гэдэг маш чухал зүйл. Үүнд:

Зураг
Амазон руу ороод, байгаа зурагнуудыг үзээрэй. Хүмүүс зургандаа ямар их анхаарал хандуулж авдаг вэ гэдгийг. Өнөөдөр манай зарим нэг онлайн худалдааны сайтууд дээр тавигдсан зургуудыг хараад үнэхээр хичнээн гоё бараа байх байсан ч худалдан авах хүсэл төрдөггүй. Зүгээр л дэлгүүрийн лангуу дээр, эсвэл гараараа барьж байгаад зургийг нь авчихсан байдаг. Гэтэл Амазоны зурган дээр тавьдаг шаардлага нь маш тодорхой хэмжээ, заалтууртай байдаг. Жишээ нь барааню хамгийн эхний зураг заавал цагаан арын фон дээр байх ёстой бөгөөд үндсэ бараанаас өөр илүү дутуу зүйл байх ёсгүй байдаг. Үүн дээрээс нэмээд зургийн файлын төрөл, хэмжээг хүртэл заагаад өгчихсөн байдаг. Энэ шаардлагыг хангаагүй бараануудыг Амазон сайт дээр тавиулдаггүй. Энэ зураг нь хүний хайсан хайлтан дээр гарч ирэх олон үр дүнгийн нэг нь байх учир та хичнээ их зурагнууддаа анхаарна, төдий чинээ зараг магадлал өндөрсөх нь.

Гарчиг
Мэдээж барааны гарчгийг хамгийн түрүүнд зурагтай хамт хардаг шүү дээ. Барааныхаа талаар хүмүүсийг гарчигнаасаа шууд сонирхлыг нь татаж, цааш нь дэлгэрэнгүй мэдээлэл рүү оруулах ямар гогцоо, дэгээ үг, хэллэгүүд байж болох вэ? (Маркетингийн хүмүүсийн хамгийн гоё шийдэх асуудлуудын нэг болов уу)

Онцлох Зүйлс
За таны зураг дажгүй, гарчиг дажгүй байгаад маш олон бараанууд дундаас худалдан авагч таны барааг сонирхоод дэлгэрэнгүй үзэх хуудас руу чинь ороод ирж ээ гэж бодъё. Хүмүүсийн хамгийн түрүүнд хардаг зүйлсийн нэг бол яах аргагүй энэ “Онцлох Зүйлс” гэсэн хэсэг юм. Энэ хэсэгтээ та бараагаа тултал нь магтах, барааныхаа арчилгааны талаарх мэдээлэл, яагаад таны бараа бусдаас онцгой вэ гэдгийг товч, жагсааж оруулж өгөх боломж юм. Энийг уншаад л ихэнхдээ худалдан авагчид нэг бол бараа авна, нэг бол энэ хуудаснаас буцах магадлалтай.

Дэлгэрэнгэй Мэдээлэл
Шинэ брэнд, бараа бүтээгдэхүүн, эсвэл нарийн, дэлгэрэнгүй мэдээлэлд дуртай няхуур хүмүүс энэ хэсгийг унших магадлалтай. Та энэ хэсэгтээ бүр нэмэлт зурагнууд, тайлбар, барааныхаа үүх түүх, эсвэл бусад бараануудтай хийсэн харьцуулалт гэх мэт бүхий л мэдээллээ оруулж болно шүү дээ.

Үнэ
За үнийн талаар бол бичээд хэрэггүй байх гэж бодож байна. Борлуулагч болгонд зах зээлийн судалгаа, бусад өрсөлдөгчидөө судлах зорилготой хэрэглэдэг програм-ууд байдаг. Үнэтэй ч бий, үнэгүй ч бий. Тэдгээр програмуудаар үнийн судалдаа хийгээд, таны санал болгож буй үнээс хямдаар бараагаа зарж байж магадгүй. Эсвэл эсрэгээр нь та ч бас ийм програм олж аваад, үнийн судалгаа хийж байгаад үнээ тогтоож болно. Мартав аа, таны зардал бусдаас илүү гарч байж магадгүй ч таны үнийн санал өрсөлдөхүйц байж чадвал бараагаа сайн зарж магадгүй шүү дээ. (Би маркетингийн хүн биш болохоор -магадгүй- гээд өнгөрч байгаа юм шүү)

Хэмжээ/Размер
Зах зээлдээ тохируулаад санал болгож байгаа барааныхээ размер, хэмжээг маш сайн оруулж өгөхөө мартав аа. Жишээ нь АНУ, Монголчуудын биеийн хэмжээ болон размер өөр байж болно. Мөн хэмжигдэхүүний нэгж өөр гэдгийг санаарай (жишээ нь: см/метр <-> inch). Дутуу мэдээлэлтэй барааг хэн авахыг хүсэхэв дээ.

Барааныхаа төрөл, ангилалаас шалтгаалаад нэмэлт шаардлагатай мэдээллүүд хэрэг болох тохиолдол бас бий. (Аюулгүй баталгаа, зааварчилгаа гэх мэт). Тиймээс зарах гэж байгаа барааныхаа төрөл/ангилалын талаарх бүх дүрэм, журмыг сайн уншиж, танилцаарай гэж зөвлөх байна!

Амазон.COM дээр борлуулагчийн данс нээлгэхэд ерөнхийдөө хэрэгтэй зүйлсийг дор дурьдъя. (.COM гэж дурьдсаны шалтгаан нь доорх мэдээлэл яг Хойд Америк дахь зах зээлд АНУ-аас эхэлж бараа зарахтай л хамааралтай мэдээллүүд гэсэн үг):

  • Хамгийн эхний ээлжинд хувь хүнээр зарах уу эсвэл бизнес болж зарах уу гэдгээ шийдэх хэрэгтэй
  • Татвар төлөгчийн дугаар эсвэл нийгмийн даатгалын дугаар
  • АНУ дахь банкны данс, зардлаа төлөх карт, мэдээлэл
  • АНУ дахь оршин суух хаяг, холбоо барих мэдээлэл
  • АНУ д үйл ажиллагаагаа эрхэлж буй муждаа онлайнаар бараа зарах эрх/лиценз

Ийм зүйлс байгаа тохиолдолд Амазон дээр дансаа нээгээд бараагаа байрлуулаад явах боломжтой. (танд энэ зүйл байхгүй тохиолдолд АНУ-д таньтай хамтраад, эдгээр зүйлсээр дэмжээд, туслаад ажиллах партнер хайж олж болно шүү дээ. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ).

Бид процессоо ерөнхийдөө сайн судлаад, сурчихлаа. Тиймээс бидний туршилтын хэмжээний жижигхэн төсөл маань амжилттай хийгдсэн гэж хэлж болно. Борлуулалт бас хийгдсэн – гэхдээ энэ нь бидний амжилтын хэмжигдэхүүн биш байсан болохоор ийнхүү дурьдаад л өнгөрье.

Миний хувьд дараа, дараагийн Монгол бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, компаниуд, хувь хүмүүстээ хамгийн том захиж хэлэх зүйлийн нэг бол: Маркетингийн төлөвлөгөөгөө сайн гаргаарай! гэж хэлэх байна. Процесс нь одоо ингээд бэлэн болчихлоо. Магадгүй олон жил Монголчууд маань өөрсдөө Амазон дээр бараагаа Монголоос зарж байсан байх, гэхдээ хэн ч “Би ингэж зарлаа, би ийм юм олж мэдлээ, би ийм алдаа гаргалаа, дараагийн хүмүүс маань ингээрэй тэгээрэй” гэсэн мэдээлэл олж уншиж байгаагүй учраас бидний хийсэн төсөл маань “бидний мэдэх” анхны үүд, хаалгыг нээж өглөө гэж бодож байна. Болдог юм байна гэдгийг нь туршаад үзчихлээ. Одоо харин АНУ-д баахан бараагаа аваачаад, гацаачихгүйн тулд – хэрхэн бараагаа борлуулах вэ, ямар бараа анхнаасаа сонгож явуулах вэ гэдгээ яаж шийдэх вэ, зах зээлийн судалгаагаа яаж хийх вэ, маркетингийн ямар ямар төлөвлөгөөнүүд гүйцэтгэж болох вэ гэдэг судалгаагаа маш сайн хийгээрэй гэж зөвлөх байна. Хэдэн мянган км-н цаана бараанууд чинь баахан зардал болж очоод, зарагдахгүй гацчихвал, удах тусмаа зардал чинь ихсэнэ, буцааж татна гэвэл зардал чинь бараг 2 үржигдэнэ. Тэгэхээр энэ байдлаас л сэрэмжлэх хэрэгтэй гэдгийг маш сайн сануулая! Болдог бол яг энэ чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг маркетир-ууд маань хоорондоо уулзаад, энэ талаар системтэй судалгаа хийж, бие биендээ мэдсэн, сурснаа хуваалцвал зүгээр ч юм шиг. Эсвэл АНУ-д яг энэ чиглэлээр ажилладаг Монгол хүн, байгууллага эсвэл Монголчуудад тусалж өгч чадахаар газрууд байвал хамтраад ажиллах хэрэгтэй байх.

Миний хувьд дараагийн алхам юу вэ?
Ганцаараа 3 сарын турш ажиллаж, сурсан мэдсэн дээрээ үндэслээд, хүрээгээ тэлж, хүмүүстэй хамтарч, чадамжаа ихэсгэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ганцаараа ирсэн хайрцаг болгонтой ноцолдоно гэдэг цаг авсан ажил санагдсан. Тиймээс судалгаа хийж, хүмүүстэй уулзсаны эцэст АНУ-Монгол 2-н хооронд карго олон жил амжилттай явуулж ажиллаж байгаа, АНУ-даа ч гэсэн өөрсдийн гэсэн том агуулахтай, хил гаалиар ачаа бараа хүлээж авах чадвартай, АНУ-даа бүтэн цагийн мэргэжлийн ажилчидтай компанитай хамтарч, дараагийн ээлжийн Монгол бараануудаас гаргаж зарж үзэх талаар төлөвлөж байна. Алсдаа хүссэн хүн болгон эсвэл компани болгон ямар нэг хувь хүн, албан байгууллага, завсрын дамжлагагүйгээр өөрсдөө бараагаа дэлхийн заах зээл рүү зардаг болоосой гэж хүсч байгаа. Тэр болтол мэдээж чаддаг, чаддагаараа хамтраад явсан нь богино хугацаанд үр дүн үзэж, суралцаж, хажуугаар нь амжилт гаргаад явах боломжтой гэж харж байна. Миний хамтрахаар шийдсэн компаниас мэдээж өөр компаниуд маш олон байгаа бөгөөд тэдгээр компаниуд ч гэсэн энэ чиглэлээр ажиллах бүрэн боломжтой, Монголд байгаа газрууд маань ч тэр компаниудтай хамтраад ажиллах бүрэн боломжтой гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. :) Эцэст нь гэж хэлэхэд, Монгол барааг гадны хүнд таниулж зарахаас илүү гадны хүмүүстээ зориулж Монголд үйлдвэрлэсэн бараа үйлдвэрлэвэл бас амжилттай байхаар санагдсан шүү.

За ингээд энэ хүртэл сонирхож уншиж, хамт байсан танд талархсанаа илэрхийлэе! Удахгүй 3-р хэсгээр уулзах өдөр ирэх байхаа.

Жич: Энэ талаар санал бодлоо солилцох, хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн, байгууллага байвал холбогдоорой. 

Сануулга:

  • Энэ блог пост голчлон Amazon.COM сайт болон Хойд Америкийн зах зээлийн хүрээнд бичигдсэн
  • Үг үсгийн алдаа гаргасан бол уншигч таниас хүлцэл өчье (уншаад заснаа)
  • Санал хүсэлтээ чөлөөтэй коммент эсвэл имэйл ээр илэрхийлээрэй
  • \Хэрвээ хамтарч ажиллая, холбогдоё гэсэн бол эргээд холбоо барихад усанд хаясан чулуу шиг битгий алга болоорой :)
Advertisements

2 thoughts on “(2-р хэсэг) Монголоос шууд Амазон дээр бараа зарж болох уу? (2018.9.23)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s